УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. С.Бямбацогт дарга ярианыхаа эхэнд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал хийдлийг арилгах,чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой байх ёстой хэмээв.
Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон бүтцээ шинэчилж, хоёр нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг тав болгож нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80,2 хувь нь аудитын, 19,8 хувь нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж.
Үндэсний Аудитын газар 2025 онд 42 сэдвийн хүрээнд санал, дүгнэлтээ гаргаж, 2026 онд төлөвлөгөөт есөн сэдвийн зэрэгцээ төлөвлөгөөт бус сэдвүүдээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, Төв банкны чиг үүрэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улс төрийн намын санхүүжилт зэрэг асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна, энэ хүрээнд гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг дурдав.
Мэдээлэлтэй танилцсаны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох эрх зүйн зохицуулалтыг хийх үед тухайн ажлын хэсэгт ажиллаж, 2020 онд Төрийн аудитын байгууллагын тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, батлуулж байсан хүний хувьд төрийн хяналтын чиг үүрэг, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж буй эсэхт онцгой анхаарал хандуулахаа онцолсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийсний дараа зохих арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ингээд төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнд чиглэл болгов.


























