Дэд онцлохУлс төр

Г.Занданшатар: 6.2 дахь заалтыг гуйвуулах нь гэмт үйлдэл

УИХ-ын ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг бууруулах дөрвөн стратегийн хүрээнд авах арга хэмжээнүүдийг тодорхойлон баталлаа. Энэ талаар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Зээлийн хүүг багасгах ёстой гэдэгт ард иргэд, банкны салбарынхан, төр засаг ч санал нэгдэж байгаа. Иргэдийн хийгээд аж ахуйн нэгжийн хувьд тулгамдсан, хүсэн хүлээсэн банкны тогтолцоог шинэчлэх, банкны зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт биш, дэмжлэг болдог байхын тулд зээлийн хүүг бууруулах Стратегиа цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна. Намрын чуулган эхлэх үед зээлийн хүү бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авсан байхыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгож байна” гэлээ.

Мөн “Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг санаатай, санамсаргүйгээр гуйвуулах, олон нийтийг төөрөгдүүлж, улс төрийн ашиг хонжоо хайх явдал гарч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг мушгиж, эх орныхоо газар шороо, байгалийн баялгийг төр, ард түмний өмчлөл, хяналтаас гаргаж, гаднынханд худалдах, өмчлүүлэх боломж бүрдүүлсэн мэтээр зориудын, зохион байгуулалттай үйлдлийг зарим улс төрийн нам, хэсэг бүлэг хүмүүс хийж байгааг эрс буруутгаж байна.

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн эцэг өвгөдийн сургаалын мөн чанар Үндсэн хуульд хатуу чанд мөрдөгдөж байгаа. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол эх орны маань газар нутаг, байгалийн баялаг нь төрийн хамгаалалт, ард түмнийхээ мэдэлд байж, зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, эзэмших-ашиглах үйл ажиллагаанд хяналт тогтоож, ард түмнийхээ мэдэх эрхийг баталгаатай хангах, стратегийн ордыг ашигласнаас олох орлогын өгөөжийн дийлэнх хэсэг нь Үндэсний баялгийн санд хуримтлагдаж, хөгжлийн зорилтод зарцуулагдах, ард түмэнд тэгш, шударга хүртэж байх зарчмыг тунхагласан юм.

Энэ зарчим дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн заалтаас илүү юү гэхээс дутуугүй чухал агуулгаар манай Үндсэн хуульд туссан гэж эрдэмтэн судлаачид санал нэгтэй үзэж, дүгнэж байхад ийнхүү гуйвуулах нь Үндсэн хуульт байгуулалд халдахыг оролдсон гэмт үйлдэл гэж үзэх ч үндэстэй.

Энэ 6-р зүйлтэй холбогдон, дагаж гарах Ашигт малтмалын тухай, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай, Газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын өөрчлөлтийг нэн даруй хийх, Ажлын хэсэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулан, нухацтай хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн