Дэд онцлохЭдийн засаг

Ч.Хүрэлбаатар: Төрийн байгууллагуудын зардлыг 118 тэрбум төгрөгөөр танасан

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ оны төсвийг тодотгохдоо юунд анхаарч байна вэ?

-Коронавирусийн цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг энэ онд 5-6 хувь буурна гэсэн таамаг бий. Хэдийгээр энэ жил дэлхийн эдийн засаг ийм хэмжээнд агшихаар байгаа ч, 2021 онд буцаад сэргэж, 5-7 хувь өснө гэж шинжээчид таамаглаж байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлттэй уялдуулан төсөвт тодотгол хийхээр Засгийн газарт танилцууллаа. Төсөвт тодотгол хийхдээ хэд хэдэн зарчим баримталсан. Нэгдүгээрт, “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ  цаашид үргэлжлүүлэх талаар тусгасан. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Гуравдугаарт, экспортын орлогыг нэмэх чиглэлээр ажиллана. Дөрөвдүгээрт, дэлхийн улс орнуудын адил цахим шилжилтийн ажлыг хийнэ. Үүнтэй холбоотой төсвийн тооцоо гаргасан. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаагүй объектуудын зардлыг хасах, санхүүжилтийн дүнг бууруулах талаар арга хэмжээ авна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлнэ гэлээ. Энэ талаар тодруулахгүй юү?

-Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох ажил аравдугаар сарын 1-нээс дуусгавар болохоор байсан. Гэхдээ үүсээд буй нөхцөл, 2021 оны дэлхийн болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тооцоолж, хүүхдэд 100 мянган төгрөгийг он дуустал олгохоор шийдлээ. Мөн нийгмийн халамжийн сангаас олгож байгаа 100 мянган төгрөгийн тэтгэмжийг үргэлжлүүлнэ. Амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхөд олгодог хүнсний талоны мөнгийг он дуустал нэмэгдүүлсэн дүнгээр өгнө. Нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сар хүртэл тэглэсэн. Үүнийг ажил олгогч тав, даатгуулагч таван хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон. Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийн хувьд түрээсийн орлогод ногддог албан татварыг тэглэсэн хэвээр үлдээлээ. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоход нийт 322 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлд 144 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон. Мөн орлогын албан татварыг тэглэх арга хэмжээнд 105 мянга гаруй аж ахуйн нэгж хамрагдаж байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар төсөвт тусгасан. Үүнд 115 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нэмсэн. Үүнд ажилтнуудын хувцас хамгаалалтын хэрэгсэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн шинжилгээний зардалд 71 орчим тэрбум төгрөг, улирлын томуугийн вакцины зардалд 22.3 тэрбум төгрөг нэмэлтээр оруулж өгч байгаа. Түүнчлэн халдвар авсан өвчтөнүүдтэй нүүр тулан ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчид, онцгой, хил гаалийн байгууллагынханд цалин болон илүү цагийн мөнгө нэмэх талаар тусгасан. Ингээд үзэхээр эрүүл мэндийн салбарт 118.6 тэрбум төгрөг зардал нэмж байгаа. Үүн дээр нэмээд ХӨСҮТ-ийн лаборатори түүнд шаардагдах тоног төхөөрөмжинд гурван тэрбум төгрөгийг нэмж өгнө. Мөн цар тахлын үед онцгой үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдын хамгаалах хэрэгсэлд 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж байгаа.

-Төсвийн орлого одоо хэдий хэмжээгээр буурчихсан байгаа юм бэ?

-Эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр төсвийн орлого буурсан. Экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан нь төсвийн орлого буурахад нөлөөлсөн. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл зэрэг татварыг тэглэсэн учир орлого буурсан. Оны эцсийн байдлаар 3.8 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай гарахаар байна. Үүнээс 1.6 их наяд төгрөг нь гаднын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүд байсан. Санхүүжилтийн эх үүсвэр бэлэн байгаа. Бусад нь өглөг, авлагаа барагдуулах, Засгийн газар блокчейн технологид үндэслэсэн платформыг ашиглаж, үнэт цаас гаргана. Дээр хэлснээр тендер нь зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй, ажил нь удааширсан хөрөнгө оруулалтыг санхүүжилтээс 520 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэж байгаа. Түүнчлэн гаднаас ирж байгаа зээл тусламжийн мөнгийг буруу ашиглаж байна гэх мэдээлэл бий. Гаднаас ирж байгаа зээл тусламж хоёр замаар орж ирдэг. Эхнийх нь төсвийн дэмжлэг болгох зорилготой санхүүжилт. Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкнаас тус бүр 100 орчим сая ам.доллар буюу 302 сая ам.долларын дэмжлэг авсан.  Хоёр дахь эх үүсвэр нь гаднын санхүүжилтээр хэрэгжсэн төслүүд бий. Тухайлбал, Налайхын автозам, цэвэрлэх байгууламжийн санхүүжилт гэх мэт. Тэгэхээр буруу зүйлд зарцуулах боломжгүй.

-ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү?

-Бид дахин хөтөлбөр хэрэгжүүлэх талаар албан ёсоор ярилцаагүй. Дараагийн асуудлаа цар тахлын нөхцөл байдлыг харж байгаад шийднэ.

-Засгийн газар үнэт цаас гаргана гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд байгуулагдсан. Энэ хугацаанд олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаагүй. Дотооддоо үнэт цаас гаргалгүй өнөөдрийг хүртэл явсан. Энэ хугацаанд бид блокчейнд үндэслэсэн платформоор аж ахуйн нэгж, иргэд, банк санхүүгийн байгууллагад санал болгох бэлтгэл ажлыг хийсэн. Үүнийг бид ойрын хугацаанд хийх төлөвлөгөөтэй байна.

-Төрийн байгууллагуудын зардлыг 118 тэрбум төгрөгөөр танасан гэлээ. Ямар зардлуудыг хассан бэ?

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарийн зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр танасан гэдэг нь тэвчиж болох зардлуудыг хасна гэсэн үг. Тухайлбал,  томилолт, эд хогшил, бараа үйлчилгээний зардал гэх зэрэг хэмнэж болох бүх зардлыг хасаж байгаа.  Харин бүтээн байгуулалтын ажил хэвийн хийж буй төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

-1072 хувьцааны ногдол ашиг Сангийн яаман дээр гацсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Сангийн яам 1072 хувьцааны ногдол ашгийг олго гэсэн хатуу байр суурьтай байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани бүх хүнд ногдол ашиг олгох хэмжээний мөнгийг Сангийн яаманд төвлөрүүлж өгөх ёстой. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байна.

-2021 онд манай эдийн засгийн өсөлт ямар байх төлөвтэй байна. Ирэх оны төсвийг хэрхэн таамаглаж байгаа бол?

-Бид БНХАУ-ын эдийн засгийг өсөлттэй байна гэсэн хүлээлттэй байгаа. Эхний улиралд тус улсын эдийн засаг 6.8 хувиар буурсан ч хоёрдугаар улирал 3.2 хувиар өссөн. Аж үйлдвэрлэлийн төвшин нь 2019 онтойгоо ижил хэмжээнд оччихсон байгаа. Тэгэхээр худалдааны үйл ажиллагаа хэвийн байгаа учир манай улсын гол түнш болох оронд ч нөлөөлнө гэж үзэж байгаа. 2020 оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засаг 10.7 хувиар агшсан. Тиймээс энэ онд манай эдийн засаг  хасах нэг хувиар буурах байх гэсэн тооцоолол байна. Гэхдээ ирэх жилээс долоон хувиар өснө гэж таамаглаж байна.

-Олон улсын санхүүгийн байгууллагын саарал жагсаалтаас гарах асуудал ямар шатандаа байна вэ?

-Монгол Улс өмнө тавьж байсан шаардлагыг хангаж чадсан. Харин шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллуулж байгаа эсэхэд газар дээр нь ирж, шалгалт хийх ажил үлдсэн. Бид гадаадаас ирж ажиллаж байгаа банк санхүүгийн ажилтнууд болон бусад хүнийг ашиглан хяналт шалгалтыг шуурхай хийж өгөх хүсэлтийг ФАТФ-т тавьж байгаа. Бид Ерөнхийлөгчөө хүртэл карантинд оруулж байсан шүү дээ. Тэгэхээр гадаадаас хяналтын хүмүүс ирэхээр бол карантины журмын дагуу ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн