
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судалж байна. Энэ хүрээнд хамтарсан судалгааны баг байгуулах талаар санал солилцжээ. Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын захирал А.Э.Кудасов нар оролцсон байна. Уулзалтаар судалгааны багийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлөөс шаардлагатай шийдвэрүүд гаргасны дараа байгуулах тохиролцоонд хүрчээ.
Хамтарсан судалгааны багийн ажлын даалгаврын төсөл, багийн бүрэлдэхүүн, судлах асуудал, боловсруулах баримт бичгийн талаар энэ үеэр хэлэлцсэн байна. Мөн цар тахлын нөхцөл байдал нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хоёр талын хамтарсан судалгааны ажил болон цаашдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх талаар анхаарч ажиллахаа талууд мэдэгдсэн аж.