
Гаднын улсад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааны талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хилийн чанадаас иргэдээ татах ажлаа бид тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ сард гаднын улс руу үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөгөө гаргасан. Нийт найман удаагийн нислэг үйлдэнэ.
Тодруулбал, зургаадугаар сарын 10-нд Казахстан Улсаас 150-170, 11-нд Токиогийн нислэгээр 250-270, 15-нд Энэтхэг Улс руу үйлдэх нислэгээр 160-170, 17-нд Сөүлийн транзит тээврээр 250-270, 18-нд Сөүл 250-270, 19-нд Франкфуртын нислэгээр 250-270 иргэнээ татан авна. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 11 мянгад хүрсэн. Халдварын тархалт, дэгдэлтийн нөхцөл байдлаас шалтгаалж, эх орондоо ирэх хүмүүсийн тоо зарим улсад нэмэгдэж байхад, заримд нь хасагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд гадны 30 улсаас есөн мянга гаруй иргэнээ татан авсан” хэмээн мэдэгдэв.