ОнцлохУлс төр

Булхайтай, балагтай, зальтай гурав

Сонгууль гэх сунгаа дөхөж, түшээдийн маань сонсгол сайжирч, сонгогчдодоо найр тавин, хэлсэн ярьсан бүхнийг нь анхааралтай сонсож, тойргоороо эргэлдээд тун завгүй байцгаана. Дөрвөн жил төр түшилцэх эрхийг сонгогчдоосоо авдаг түшээд бүрэн эрхийнхээ хугацаанд нүдэн балай чихэн дүлий байсаар сонгуультай нүүр тулах нь ч бий. Энэ удаагийн парламентад сонгогчдоо мартсан түшээд хэдэн арваараа байх.

Ард түмэнд дүнгээ тавиулах мөч ойртсон энэ цаг үед тэд тойргоо “усалж” тордсоор дахин сонгогдохоор ард түмний ая талыг засаж явна. Манай сонин хууль тогтоох байгууллагын гишүүд өнгөрсөн дөрвөн жилд ямар ажил амжуулж, ард түмэнд хэрэгтэй амин чухал асуудлууд шийдсэн үү гэдгийг хөндөн бичиж буй юм. Энэ удаа Булган аймгаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ, говь-алтайчуудыг төлөөлж буй Ш.Раднаасэд, Сүхбаатар аймгийнхны төлөөлөл Ч.Улаан нарыг онцолж байна.

Ч.УЛААНЫ БУДИЛААН, ЛУЙВАР ДУУСАХГҮЙ

Тэр сүүлийн 28 жилд таван удаа УИХ-д сонгогдож, зургаан удаа Монгол Улсын сайдаар ажиллажээ. Хүний амьдралын 30 орчим жил гэдэг богино хугацаа биш. Тэр ийм хугацаанд сайдын сэнтий, төр төлөөлөх түшээгийн суудлаас хөндийрөлгүй шат шатны зөөлөн суудалд тухалсаар өнөөдрийг хүрсэн ч хариуцсан салбартаа эзэн бололгүй, хүйтэн сэтгэлээр хандаж ирсний горыг ард түмэн хангалттай амслаа.

Монголчууд Ч.Улаан сайдад ямар өртэй болоод эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чаддаггүй түүнд албан тушаал, сайдын сэнтий өгөөд байдаг юм бол гэж бодоход хүргэж байна. Тэр биднийг дунд сургуульд ч ороогүй байхад сайд байсан, арван жилээ төгсөхөд, их сургуулиа дүүргэхэд, ажлын байран дээр гарахад ч сайдаар ажиллаж байна. Хариуцсан ажлаа үнэхээр сайн хийгээд, холыг харсан шийдвэр гаргаад, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаа юм уу гэхээр үгүй. Тэгсэн хэр нь сайдаар томилогдоод, төр төлөөлөх мандат өвөртлөөд явж байдаг зарга, заль нь ихэдсэн нэгэн аж.

Уг нь инженер-эдийн засагч мэргэжилтэй ч очсон салбар бүртээ холион бантан хутгаж, уруудуулж ухаангүй ноён, урагшгүй албат нь болдог. Хамгийн сүүлд тэрбээр, хоёр жил орчмын өмнө журмын нөхдөөсөө “Ахынх нь сүүлийн боломж шүү дээ” хэмээн “өвдөг сөгдөн” гуйх нь холгүй өрөвдөлтэй царай гаргаж байгаад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон гэдэг. Энэ ажлыг авснаасаа хойш албан тушаалаасаа буувал “дээлээ нөмрөх” хуудуутай олон шийдвэр гаргасаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг хөөтэй нь хутгаж орхив.

Улс төрд хэнд хүчтэй эрх мэдэл байна түүнд тал засаж, аялдан дагаж явсаар төрийн түшээ, сайдын суудалд заларсаар ирснийг түүний намтраас харж болохоор байна. Монгол Улсад Ч.Улаанаас өөр боловсон хүчин байхгүйдээ Сангийн сайдаар хэдэнтээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг толгойлуулаад байгаа юм биш. Тэр улс төрд хувийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэндээ, дарга нарт ямар үед нь тал засах уу гэдгээ дэндүү сайн мэддэг учраас тэтгэвэрийн насанд хүрсэн хэр нь сайд, түшээ хийсээр яваа юм. Ч.Улаан Сүхбаатар аймгаас дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Иймдээ ч албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан аймгийнхаа малчдын ноолуурыг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авсан нь олны дургүйцлыг хүргээд байгаа билээ.

ДУУЛИАНЫ ЭЗЭН, БУЛГАНЫХАНД НАЙР ТАВИГЧ Ц.АНАНДБАЗАР

Бизнес эрхэлдэг хүмүүс тус тусынхаа ажлаа хийж, татварын орлого бүрдүүлээд явдаг бол манай улс дороо хөгжих байлаа. Даанч өнгөрсөн 30 жил явж ирсэн тогтолцоо нь улс төр, эдийн засгийн бүлэглэлийг бий болгочихов. Үр дүнд нь бизнестэй хүмүүс улс төрд орж, бизнесээ, эрх ашгаа хамгаалдаг боллоо. Тэдний томоохон төлөөлөл бол шатахууны бизнес эрхэлдэг, салбартаа монополь “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар юм. Тэрбээр Булган аймагт нэр дэвшихээр ил, далд сурталчилгаагаа жил гаруйн өмнөөс эхлүүлээд байгаа билээ.

Энэ тухай хуульч Б.Гүнбилэг “Сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн мөнгийг найгүй цацжээ. Түүнд хайр зарлачихаж. Сум бүрт мотоцикльтой сугалаа, концерт, багийн дарга нарт шинэ мотоцикль, шинэ жил тэмдэглээрэй гээд 500 мянган төгрөг, 20-оод мянган хүнд 20 мянгатай шатахууны карт. Мөнгийг нь авсан юм чинь саналаа өгнө өө л гэнэ” хэмээн жиргэж байв.

Дөрвөн жил хэл сураггүй байснаа сонгуулийн өмнөх хэдхэн сард сонгогчдод найр тавьж, ард түмнийг арав таван төгрөг, атга гурил, арвай будаагаар хуурч буй доромжлолд сонгогчид цэг хатгах хэрэгцээ шаардлага энэ цаг үед үүсчээ. Сонгогчдын боловсрол нэг үеэ бодвол харьцангуй дээшилж буй. Нэр дэвшигчид мөнгө тараавал “Мөнгийг нь авчихаад дэмжиж буй хүндээ саналаа өгнө” хэмээн ярих хүн олон болжээ. Иргэдэд тараасан мөнгө, эд зүйлээ хэд дахин нугалж, таны, миний татварын мөнгөнөөс авна гэдгийг бид мэддэг боллоо. Тиймээс эд зүйл тарааж буй Ц.Анандбазар мэтийн хүмүүсийг сонгохгүй байхыг уриалах ёстой болж байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж үг бий. Нэр дэвшихээр горилогчдын мөнгийг авч өнөөдөр талхаа авснаас мэдлэг, боловсролтой, шударга хүмүүсийг сонгоод ажлын байр, чинээлэг дундаж давхарга бүрдүүлж, үр хойчдоо зөв үлгэр дууриалал үзүүлэхийг цаг үе биднээс нэхэж байна.

Хөдөөгүүр эмээл хазаар, мотоцикль, ногт чөдөр тэргүүтнээс эхлээд шатахууны талон, бидон, шанага хүртэл тараадаг түшээд, горилогчидтой болчихоод буй, бид. Үүний нэг жишээ Ц.Анандбазарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-аас нэр дэвшсэн ч түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж амжаагүй байхад нь цагдан хорьж байв. Хачирхалтай нь, түүнийг сонгуулийн дараа гэм буруугүй хэмээн суллажээ. Тэгвэл энэ удаа Ц.Анандбазар дахин нэр дэвшихээр санаархаж яваа нь энэ.

Ш.РАДНААСЭДИЙН ХОЛИОН БАНТАН

Тэр Ж.Бат-Эрдэнэтэй хамт парламентад анх удаа сонгогдож буй. Гэхдээ Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, МХЕГ-ын дарга гэх зэрэг хариуцлагатай албанд багагүй хугацаанд ажиллаж, өөрийгөө маш сайн боловсруулсан нэгэн. Гэвч хууль тогтоох байгууллагын гишүүн болсноосоо хойш хуудуутай шийдвэр олон гаргахад оролцсон хүн гэгддэг. Жишээлбэл, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан хэмээн буруутгагдаж явсан.

Үүнээсээ болж нам нь хариуцлага тооцно хэмээж одоогоос жилийн өмнө МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Ш.Раднаасэдэд таван жилийн хугацаанд МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй боломжгүй болгож буй ч тэрбээр ээлжит сонгуульд Говь-Алтайгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Нэг ёсондоо, МАН-ын Хяналтын хорооны шийдвэр эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст үйлчилдэггүй ёс төдий зүйл аж.

Оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад АТГ-ынханд баригдсан МХЕГ-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг анги. Тэрбээр тэмдэглэлийн дэвтэртээ “Ааяад төдөн төгрөг өгсөн” гэж бичсэн байсан гэх яриа ч гарсан. Мөн УИХ-ын гишүүд Ш.Раднаасэд “Намайг Ааяа гэж дууддаг нь үнэн” хэмээн ярьж байсан билээ. Нэг ёсондоо тэр ажил, албан тушаалаа ашиглан авлигын сүлжээ үүсгэсэн байсан уу гэх хардлага төрж буй юм. Уг хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байсан ч одоо нам гүм болоод байгаа.

Хууль тогтоох байгууллага гэдэг хийгүй, хиргүй, ахуйн шуналгүй хүмүүсийг нэгтгэдэг, цуглуулдаг газар баймаар байна. Нэгэнт улс төрийн намаар дамжиж төрийн эрх барьж буй учраас энэ тойргоос гарах магадлал ойрын хэдэн жилдээ лав алга бололтой. Атал энэ тойргийн цаана Монгол Улс, ард түмэн гэдэг хамгийн том эрх ашиг бийг улс төрийн намын дарга, удирдлагууд, улстөрчид ой тойндоо тултал ойлгодог байх сан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн