
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлогогүй болсон иргэд хэрэглээний зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж, иргэдийн хэрэглээний зээлийн үндсэн өр болон хүүгийн эргэн төлөлтийн хугацааг түр хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтэй иргэд арилжааны банканд цахимаар хүсэлт гаргаж, гэрээгээ шинэчилснээр эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулах боломжтой юм. Түүнчлэн банкуудын хүсэлтэд үндэслэн ямар нэг нотолгоо баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт нь өөрчлөлт оруулах аж. Иргэдийн зээлийн үндсэн өр болон хүүгийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтийг арилжааны банкууд тавдугаар сарын 1-н хүртэл хүлээж авахаар зохицуулсан.
Гэтэл иргэдийн дунд зээлийн хүсэлтээ явуулсан ч тодорхой мэдээлэл ирээгүй, хугацаа нь хэзээ хойшлох эсэх нь тодорхойгүй байна гэх эргэлзээ үүсжээ. Чанаргүй зээлдэгч болж, алданги тооцуулах вий гэх айдас ч тэдэнд байна. Иймд эргэлзээтэй асуудлын хариуг хайлаа. Арилжааны банкууд зээлийн төлбөрөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрсөн. Зарим банк хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг шалгаж, гэрээгээ шинэчилж эхэлсэн байна.
ХҮСЭЛТ ГАРГАСАН БҮХ ХҮНИЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУГАЦАА ХОЙШЛОХГҮЙ
ХААН банкны Олон нийттэй харилцах албанаас “Харилцагчид зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтэй, цахимаар болон өөрийн биеэр салбар нэгжүүдэд ирж өгөх боломжтой. Орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг нэмэлт материал буюу орлого нотлохгүйгээр зургаа хүртэлх сараар сунгаж байна. Харин хэрэглээний зээл болон банкны зээлийн төлбөрийг нэг жилээр сунгах боломжтой бөгөөд иргэдэд орлого нотлох шаардлагыг банкнаас тавьж байгаа. Өнөөдөр ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг хүлээн авах сүүлийн өдөр. Бид мэдээллийг хүлээж аваад нэг сарын хугацаанд хүсэлт гаргасан бүх иргэний гэрээнд өөрчлөлт оруулна. Харин манайхаас “Гэрээгээ шинэчилж болно” гэж мэдээлэл өгөх хүртэл иргэд зээлээ төлнө. Зээлийн төлбөрөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг бид авч, гэрээ шинэчлэх ажил эхэлсэн. Тавдугаар сарын сүүлч гэхэд хүсэлт гаргасан иргэдийн асуудал эцэслэгдэх байх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Жишээлбэл, тухайн иргэн 30 жилийн зээлээ гурван сараар хойшлуулж байгаа бол 30 жил гурван сар болж, хугацаа нь нэмэгдэж байгаа юм. Бид цахим хэлбэрээр хүсэлтийг хүлээж авч байгаа учраас нарийвчилсан тоог хараахан гаргаагүй байна. Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа хэчнээн хүн зээлээ хойшлуулахаар байна зэрэг тоон мэдээллүүд эцэслэгдэнэ. Одоо бид хүсэлтүүдээ хүлээж авах ажлаа зохион байгуулж байгаа. Нэг шугамаар нэг дор мэдээллүүд ирж байгаа учраас хүн тус бүрт тэр дор нь хариу өгөх боломжгүй. Иргэд хүсэлт гаргахдаа харилцагчийн овог нэр, утасны дугаар, имэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлж, зээлийн төрлөө сонгоно. Ингээд тухайн харилцагчийн мэдээлэл тухайн салбарт нь очиж байгаа. Мэдээллийг нь эдийн засагчид судалж, зээлийн гэрээг нь шинэчлэн байгуулж байна. Тэгэхээр хүсэлт гаргасан бүх хүний зээл хойшилно гэсэн үг биш. Бид иргэдийн хүсэлтийн дагуу харилцагчидтай холбогдож, зээлээ хойшлуулах, гэрээ сунгах талаар дарааллын дагуу мэдээлэл өгч байгаа. Бид зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулах хүсэлтэй иргэдийг хүлээж аваад, гэрээг нь шинэчлээд эхэлчихсэн” гэв.
Тэгвэл “Голомт” банкны Олон нийттэй харилцах албанаас “Монголбанк, Ипотекийн коропорацаас өгсөн чиглэлийн дагуу манай банк орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээж авч байна. Өнөөдөр хүсэлт авах сүүлийн хугацаа. Тавдугаар сарын 30-ны дотор бид хүсэлт илгээсэн хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулж, гэрээ шинэчлэх ажлыг зохион байгуулах юм. Бид зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллээ нэгтгэж дуусаагүй учир тоон мэдээлэл гаргаагүй байгаа. Зээл хойшлуулах асуудал ерөнхийдөө зургадугаар сарын 1-н гэхэд эцсийн байдлаар бэлэн болно. Өөрөөр хэлбэл, бид тавдугаар сарын 1-н гэхэд бүх хүсэлтээ хүлээж аваад, сарын дотор зээлийн гэрээгээ шинэчлэх ажлыг зохион байгуулах юм” гэх тайлбар өглөө.
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч МЭДЭЭЛЭЛ ИРЭХГҮЙ БАЙНА
Төрөөс хэрэгжүүлж буй жилийн найм болон таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэл, 72 мянган зээлдэгч байдаг гэх тоон мэдээлэл бий. Иргэд арилжааны банканд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ гаргасан ч гэрээгээ шинэчилснээр зээлийн төлбөрөө хойшлуулах эсэх нь шийдэгдэх аж. Энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг тавдугаар сарын 1 хүртэл авч байгаа ч гэрээнд өөрчлөлт ороогүй. Гэрээнд өөрчлөлт орсны дараа төлөлтийн хуваарьт өөрчлөлт орно. Зээлийн үндсэн өр болон хүүгийн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй олон хүн бий. Хүсэлт илгээсэн хүн болгоныг тэр дор нь хүлээж авбал банканд ачаалал үүсэж, цахимаар хүсэлт авч байгаа ажил бүтээмж муу болно шүү дээ. Тэгэхээр хүсэлтийг хүлээж аваад тодорхой хугацааны дараа тухайн арилжааны банкнаас нь холбогдож, гэрээгээг шинэчлэх юм. Гэрээ шинэчлэхэд ямар бичиг баримт шаардагдахыг арилжааны банкууд мэдээлэх ёстой. Хоорондоо харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт орсны дараа зээлийн төлбөрөө хойшлуулна” гэлээ. Харин зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтэй өгөөд банкны зээлээ төлөөгүй иргэд яах вэ гэх асуултад тэрбээр “Гуравдугаар сард Монголбанкнаас гаргасан шийдвэрээр зээлээ төлөөгүй иргэдийг 90 хоногийн хугацаанд чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл рүү оруулахгүй гэх шийдвэр гаргачихсан. Тиймээс алданги тооцох нөхцөлийг хойшлуулсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй болж, зээлийн төлбөрөө төлөхөөр бол иргэнд алданги тооцохгүй үргэлжлүүлээд төлөх боломжтой гэсэн үг. Бид орлого нотлох шаардлагагүй гэх нөхцөлийг тавьж байгаа ч бусад шалтгаанаар зээлийн төлбөрийг хойшлуулахгүй” гэх тайлбар өглөө. Ийн албаны эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр зээлийн төлбөрийг хойшлуулах хугацаа нэлээд сунжрах бололтой. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан ч мэдээлэл ирэхгүй байна гэх иргэд цөөнгүй байсан юм.
Иргэн Б.Эрдэнэчимэг: Би “Голомт” банкнаас ипотекийн зээл авсан. Коронавирусийн халдвараас шалтгаалан манай өрхийн орлого эрс буурсан. Тиймээс бид зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтэй байгаа. Ингээд дөрөвдүгээр сарын 23-нд цахимаар хойшлуулах хүсэлт гаргасан. Одоохондоо бидэнд гэрээгээ шинэчлэх мэдээлэл ирээгүй байна. Сүүлд гаргасан болохоор хариу өгөх болоогүй байх гэж бодоод хүлээж байна.
Иргэн З.Сүрэнхорлоо: банк энэ сараа заавал төл тэгвэл сунгана гэсэн. Бас тавдугаар сарын 1-нээс орон сууцны даатгалаа төлөөрэй гэж байсан. Тэгэхээр зээлээ төлөхөөр шийдчихээд байгаа.
Иргэн Р.Эрдэнэсувд: Зээлийн хугацааг сунгах шийдвэрийг би оновчтой гэж бодохгүй байгаа. Энэ чинь Монголбанкыг санхүүжүүлэх нэг арга юм биш үү. Орлогогүй болж, зээлээ төлөхөд хүнд байгаа ч дахин хугацаа нь сунгагдахаас хойш ялгаагүй. Би хүсэлтээ өгөхгүй.
Иргэн О.Очгэрэл: Долоо хоногийн өмнө “Улаанбаатар” хотын банканд хүсэлтээ өгсөн. Одоохондоо хариу ирээгүй байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед амь тариа болж байна.
Зарим эдийн засагч үүнийг үр дүнтэй арга биш гэж шүүмжилж байгаа ч орлого нь хаагдаж, зээлийн хүүд дарлуулж байгаа иргэдэд үүнээс өөр сонголт байхгүй. Зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гараад сарын хугацаа өнгөрсөн ч дорвитой ажил хэрэг болж чадаагүйг иргэд хэлж байв.