
Үндсэн хуулийн цэц ирэх тавдугаар сарын 6-нд хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
Хэрэв Цэц тус заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болбол ирэх тaвдугаар сарын 25-наас өмнө өөрчлөлт оруулах ёстой. Учир нь, тухайн өдрөөс хэрэгжиж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий. Цаг үеийн шаардлагаар ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр зарим гишүүн хэлж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хязгаарлалтын дэглэм зөрчиж өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол иргэнийг 27-140 саяар торгож гурван сараас гурван жилийн хугацаанд ял эдлүүлэхээр Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт орж ирсэн Эрүүгийн хуулийн төсөлд тусгасан. Зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхлэхэд энэ байдал өөрчлөгдөхгүй байсан ч УИХ-ын сонгуулийн тухай хуулиараа зөвшөөрсөн гээд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь. Тэр үед ямар нэгэн муу юм боллоо гэхэд бүгдийг нь торгоод, бүгдийг нь барьж хорих уу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсний дараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болно. Түүнээс өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд сонгуулиа хэрхэн зохион байгуулахаа шийдэх ёстой. Ингэхгүй бол сонгууль болох уу, болохгүй юү гэсэн ойлгомжгүй байдал үүснэ шүү.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуух олон нийтийн арга хэмжээг хориглосон заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд энэ хуулийн хориглолт үйлчлэхгүй гэсэн үг. Коронавирусийн халдварын дэгдэлт буурч цар тахал биш боллоо гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлатал энэ хууль үйлчилнэ. Тэр хүртэл коронавирусын халдвараас урьдчилан сэргийлсээр байх ёстой. Энэ ч үүднээсээ дөрвөөс дээш хүн нэг дор цулахыг хориглох гэх мэт заалт энэ хуулийн төсөлд бий. Ийм үед УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад олон бэрхшээл бий болно. Тиймээс энэ хуультайгаа хамт УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхэлж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж эхэлнэ. Тэр үед ч коронавиурусийн халдварын аюул байсаар л байна шүү дээ. Хэрэв одоо л УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “УИХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Тиймээс тавдугаар сарын 25-наас өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол Үндсэн хуулийн зөрчил рүү ч явах эрсдэлтэй.