
Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас хэрэглээний зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөлтийг 90 хоногоор хойшлуулсан зохицуулалтын талаар тодрууллаа.
Тэрээр “Гуравдугаар сарын 18-нд мэдээлэл хийгээд тушаал, шийдвэр нь саяхан гарсан. Одоо бол Банкуудын холбоо, банкууд дээр энэ тушаал оччихсон байгаа. Энэхүү зохицуулалт нь нэгдүгээр сарын 31-ээс долдугаар сарын 31-ний хооронд хэрэгжинэ. Банкнаас иргэдэд олгож буй нийт зээлийг хэрэглээний зээл гэдэг. Цалин, тэтгэвэр, автомашин барьцаалсан, ипотекийн, зээлийн картны зэрэг зээлийн үйлчилгээнүүд бүгд хэрэглээний зээл гэсэн ангилалд багтдаг. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас иргэдэд орлогын тасралт үүсэх, зээлээ төлж чадахгүй хоцрох нөхцөл үүсэж байна. Иргэд зээлийн хугацааг хэтрүүлэхэд эргэлзээтэй, чанаргүй зээлдэгчийн ангилалд орно. Ингэснээр ирээдүйд зээл авахад хүндрэл үүсдэг. Нэгдүгээр сард зээлээ төлж чадаагүй хоцорсон хүмүүст 90 хоногийн боломж олгож байгаа. Энэ зохицуулалт нь зээлээ төлөхгүй байж болно гэсэн үг биш. Зээлээ төлөхгүй байвал зээлийн мэдээллийн санд өөрчлөлт орохгүй шүү л гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо нь бас иргэдэд зээл олгодог. Эдгээр байгууллагуудыг санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулна. Монголбанкны зүгээс арилжааны банкуудаа зохицуулж байгаа. Харин иргэд хоорондын зээлд бид зохицуулж чадахгүй учир харилцан хоорондоо тохиролцох хэрэгтэй. Бизнесийн зээлд өөр зохицуулалт явагдана. Урд нь бизнесийн зээл нь гэрээ, хуваарь, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тоолонд эрсдэл үүсэж байдаг. Үүнийг Монголбанкнаас гэрээндээ өөрчлөлт оруулах, сунгах, төлөх ёстой хэмжээнээсээ бууруулж төлөх, хугацаагаа сунгах боломжийг олгож байгаа” гэдгийг хэллээ.