
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж,“Шинэ тойрог зам” төслийн талаар хэлэлцэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргасан байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох автозам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгажээ.