Дэд онцлохНийгэмЯрилцлага

У.Пүрэвсүрэн: Ижийнхээ сэтгэлд амар амгалан, бүтэн оршиж чадвал ачийг нь хариулсан гэсэн үг юм билээ

Эх орны торгон хил манаж буй дайчдыг дуу хөгжмөөр сэтгэлийг нь амирлуулж, зөөллөж яваа энэ эрхэм хилийн цэрэгтэй амьдралаа холбоод 15 жилийг үджээ. Хилчдийн сэтгэлзүйтэй ажиллаж, дараа нь соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж яваа түүнийг Уртнасангийн Пүрэвсүрэн гэдэг. Цэрэг, эх орны сэдэвтэй дуу, шүлэг, уран сайхны болон баримтат кино, дуурийн цомнол тоймгүй олныг бичсэн түүний “Цэнхэр тэнгэрийн орон” дууг мэдэхгүй хүн ховор. Сүрлэг Хархираа уулын бэлд тоглож өссөн тэрбээр бодлоо уулстай “хуваалцдаг” хүүхэд байжээ. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, дэд хурандаа У.Пүрэвсүрэнтэй  уншигч таныг уулзуулъя.

-Хилийн цэрэгтэй таны амьдрал хэрхэн холбогдож байв гэдгээс яриагаа эхлэх үү?
-Би 2003 онд СУИС төгсөөд төрөлх нутаг Увс аймгийнхаа Хөгжимт драмын театрт найруулагчаар хоёр жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагч, хурандаа н.Батсүх гэдэг хүнтэй их ойр ажилласан. Манай аймаг ОХУ-ын зарим хоттой хиллэдэг. Тэндээс хилийн цэргийн шугамаар зочид, төлөөлөгчид ирэхэд тоглолт, концерт найруулж, үзүүлнэ, хөтөлнө. Удалгүй н.Батсүх хурандаа Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн ангийн захирагчаар томилогдсон. Тэр үед Сэлэнгэд ирж ажиллах санал тавьсан ч би хүсэлтийг нь хүлээж аваагүй юм. Ингээд байж байтал 2005 онд СУИС-аас найруулагч мэргэжлээр суралцах эрхийн бичиг ирсэн. Сургуульд явах гэж байтал н.Батсүх хурандаа надтай утсаар холбогдож “Манай Сэлэнгийн отрядын ой болж байна. Энэ концертыг найруулж өгөөч” гэдэг юм. Тэр хүсэлтийг нь биелүүлсэн, тэгэхэд намайг Монгол Улсын хил үзүүлж, аялуулсан. Алдарт Тужийн нарс, Хувьсгалын их өлгий нутаг Сайханы хөтөл, Буур хээрийн талаар дагуулж явсан. Тэгэхэд надад “Эх орны хил гэдэг ямар агуу юм бэ. Энэ хилийн сөөм хүрэхгүй бяцхан зурвасаас нэг алхвал хүний нутаг, нэг алхвал миний нутаг” гэсэн бодол, мэдрэмж төрж, хил дээр үлдэх том шалтгаан болсон. Тэр үед хурандаа н.Батсүх “Чи шүлэг, яруу найраг бичдэг хүн. Эх орны торгон хил дээр байвал өргөн цар хүрээтэй бүтээл туурвих орчин чамд бүрдэнэ” гэсэн. Тэр үг надад үлдэхэд хүч өгсөн. Ингээд сургуульдаа явалгүй, шууд тэндээ үлдээд дэслэгч цолтой, цэргийн сэтгэлзүйчээр таван жил ажилласан.

-Яагаад сэтгэлзүйч гэж. Та яриандаа найруулагчаар сурах гэж байгаад больсон гэлээ. Найруулагч биш хэр нь аймгийнхаа театрт энэ мэргэжлээр ажиллаад байсан юм уу. Найруулагч нэг талаараа хүн судалдаг мэргэжил шүү дээ?
-Найруулагч хүн судалдаг мэргэжил гэдэгтэй санал нийлнэ. Сэтгэлзүйч ч мөн адил. Тэгэхээр энэ хоёр мэргэжил углуургаараа хоорондоо таараад байгаа юм. Сэлэнгийн хил дээр таван жил цэргийн сэтгэлзүйчээр ажилласан. Би 2003 онд СУИС-ийг Тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Дараа нь 2015 онд Хөгжмийн театрын найруулагч, 2008 онд Урлаг судлалын ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. Төрөлх сургуулиа гурван удаа төгссөн хүн. Хилтэй амьдралаа холбосны дараа Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж, офицер болж байв.

-Эх орны хил дээр үүрэг гүйцэтгэж буй цэргийн сэтгэлзүйтэй та таван жил тулж ажиллажээ. Гэр орноосоо, хайртай хүмүүсээсээ хол эр цэргийн албанд зүтгэж буй залуусын сэтгэл санааг нэг зүгт хандуулна гэдэг зарим тохиолдолд амаргүй байдаг болов уу?
-Тухайн анги отрядын цэргийн алба хаагч, ахлагч, офицер, тэдний гэр бүл, байнгын бүрэлдэхүүний сэтгэлзүй дээр ажиллана. Цэргийн сахилгыг бэхжүүлэх, сэтгэлзүйг нь төвшитгөх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хамт олныг эвтэй байлгах, гар нийлж ажиллуулах үндсэн зорилготой. Энэ ажлын гол нь уран бүтээл, шүлэг яруу найраг, лекц яриа байсан. Алив уран бүтээл нийгмээс түрүүлж нэг алхдаг. Би 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн. Намайг 12 настайд аав маань бурхан болж, 13-тайдаа эцгээ алдсан эмтэрсэн сэтгэлээ цаасан дээр буулгаж байгаа нь тэр. Тэр шүлгээрээ тухайн жил нэг уралдаанд орж түрүүлээд урам авснаас хойш өнөөг хүртэл шүлэг, яруу найргаас холдсонгүй. 13 настай балчир хүүхдээс Монгол Улсын хилийн цэрэгт холбогдох хүртэл тэр он цагуудад туурвисан бүтээлүүдээ эргээд бодоход ээж, аав, хайр дурлал, амьдралын гэгээн бүхэн, залуу нас, намрын навчис, хаврын яргуй гэх мэтчилэн хийсвэр, эсвэл өөрийн амьдралын бодит үнэнг бүтээлдээ шингээж, сэтгэлээ хөглөжээ. Монгол Улсын хил дээр ирснээс хойш эх орон гэж юу юм бэ, тусгаар тогтнол, сөөм газар, атга шороо, бяцхан зурвас газрын төлөө олон сайхан хөвгүүд халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй, юуны тулд, хэний төлөө энэ газрыг хамгаалж ирсэн юм бэ гэх тэр их оршихуй, баатарлаг тууль, эх оронч үзэл, чинхүү хүсэл, монгол хүний өөрийн гэсэн зүйлээ өмгөөлөх бадрангуй сэтгэл, цэрэг хүний хатуужил, тэвчээр, эр зориг, тангараг гэж агуу зүйл бодогдсон. Монгол Улсын хил, өвөг дээсийнхээ сүнс, итгэл үнэмшил, хайртай бүхнийхээ өмнө тэд тангараг өргөдөг юм. Энэ агуу зүйлийг ойлгосноороо гайхамшигтай он жилүүд байсан. Монгол Улсын хил дээр ажилласан таван жилд би цэрэг, эх орны сэдэвтэй “Эх орон тайван байна”, “Торгон хил” зэрэг дууны үг, хэд хэдэн найраглал бичсэн байдаг юм. Нөгөө талаар цэргийн сэтгэлзүйтэй ажиллана гэдэг маш нарийн шинжлэх ухаан. Тэнд байгаа 100 цэрэг бүгд өөр үзэл бодол сэтгэхүйтэй. Тэдний сэтгэлзүйг нэг хэм хэмжээнд байлгана гэдэг цэргийн сэтгэлзүйн шинжлэх ухаан юм билээ.

-Та соён гэгээрүүлсний ачаар хилдээ үлдсэн залуус байдаг л биз дээ?
-Тэр намар манай отрядад нэг цэрэг ирсэн юм. “Хэрэв чи цэрэгт явах л юм бол би үхнэ” гэж түүний ээж хүүдээ хэлдэг байж. Ингээд цэргийн насанд хүрсэн хэр нь хоёр жил явалгүй байж байгаад, гурав дахь жил нь цэргийн зарлан дуудах хуудас ирэхэд тэнцээд, манай ангид хуваарилагдаад иржээ. Цэрэгт ирээд тангаргын баярын өдөр ээж нь өнгөрчихсөн. Тэр хүү ар гэрийн гачигдлын 10 хоногийн чөлөө авч явлаа. Өнөөхөө ирэхэд би “ангийн захирагчдаа “Энэ цэргийг карантины хугацаа дуустал надтай хамт байлгачих” гэж гуйлаа. Тэр үед эхнэр, хүүхэд маань Увсад, би ганцаараа амьдардаг байсан юм. Өнөө цэргийг таван хоног гэртээ байлгаад, багаасаа бичиж байсан бүх шүлгээ уншиж өглөө. Аав, ээжээ, эх орны, хилийн цэргийн тухай ярьж өгнө. Карантины хугацааны өмнө нөгөө цэргийн төрсөн өдөр тохиолоо. Ангийнхаа хашаанд урт ширээ засаад бусад цэргээ жагсаагаад дуу дуулуулаад тэмдэглэж өгөөд, хил рүү явуулсан. Тэр цэрэг үүргээ сайн биелүүлээд халагдаж ирсэн. Ирээд “Би хилийн цэрэгтээ үлдэе. Ээж минь надад итгээгүй байсан юм байна. Намайг цаг үргэлж нялхаар минь санаж байжээ. Тэнгэрт байгаа ижийдээ “Би эр хүн болсон” гэдгээ ингэж  л харуулна. Үүний тулд би хилийн цэрэгт үлдэхээс өөр аргагүй” гэсэн. Одоо тэр хүү ахлагч цолтой, сүүлийн дөрвөн жил холбоо тасарчихлаа.

-Нэг талаараа та буянтай ажил хийж байсан юм биш үү?
-Санал нийлнэ. Зарим залуу цэргийн албыг амар юм шиг санаж ирдэг. Монгол Улсын торгон хил дээр хүйтэн зэвсэг үүрээд, морио унаад, эзгүй хээр газар хилээ хамгаалаад манаанд гарч байхдаа яаж унтахгүй байх вэ, яагаад чухал юм бэ гэдгийг тэр хүний сэтгэлзүйд суулгана гэдэг том ажил. Үүнийг ойлгосон цэрэг өөрийгөө баатар гэж бодно. Хааш хааш гурав, таван км газар “Би л хилээ хамгаалж байна. Би байхгүй бол энэ хэсэг эзэнгүй болно” гэдэг сэтгэлээр эх орны хилээ хамгаалаад халагдаад харьсан хүүхэд өрх гэрээ аваад явах амар асуудал шүү дээ. “Өөрийгөө мэдрэх, би чадна шүү дээ” гэж өөртөө итгэх итгэлийг бий болгодог чухал алба. Магад тэр үед суусан итгэлээр насан туршийн амьдралдаа тийм байдлаар хандаж болно шүү дээ. Ямар ч улс оронд харийн дайсан довтлохын тулд хамгийн түрүүнд хилчидтэй нүүр тулдаг. Хэдийгээр өнөөдөр энхийн тайван цаг ч хилийн зөрчил байсаар байна. Энэ болгонд хилчдийн сэтгэлзүйг бэлдэнэ гэдэг амаргүй ажил.

-Цэргийнхэн нэг томилолтоос нөгөө рүү тушаалаар явсаар ар гэр орхигдох тохиолдол бишгүй. Хүнрэл бэрхшээлийг тоочвол урт жагсаалт гарах биз?  
-Цалин, хувцас, хоолны хангалтаас гадна соёл урлагийн үйлчилгээ үзүүлж, хилчдийнхээ сэтгэл санааг төвшитгөдөг газар нь Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга. Манайх Монгол Улсын хэмжээнд байгаа ганц нүүдэлчин чуулга. Хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийг бүтэн тойрсон байх ёстой. Энэ жил гэхэд Монгол Улсын хилийн талыг, ирэх онд бүтэн тойрч дуусгах төлөвлөгөөтэй. Хилийн отрядуудад концерт, ухуулга яриагаа хийнэ. Нэг ёсондоо хоёр жилд нэг удаа соёлын хангалт өгч байгаа юм. Уг нь жил бүр явж тоглолт хиймээр байдаг ч эдийн засгаас шалтгаалаад хоёр жилд нэг удаа байдаг. Хилчдийн ахуй амьдралын тухай би хойно ярина аа.

-Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гэх их айлын ерөнхий найруулагчаар та хэзээнээс ажиллаж эхлэв. Ямар болгохоор зорьж байна вэ? 
-Би энэ чуулгын анхны ерөнхий найруулагч. Түүгээрээ их бахархдаг. 2010 онд хилчдийн урлагийн их наадам анх удаа улсын хэмжээнд болсон. Монгол Улсын хилийг бүтэн тойрч, урлагийн тоглолт хийсэн. Эндээс хоёрдугаар шатанд шалгарсан хүмүүс Улаанбаатар хотод дахин өрсөлдсөн. Энэ уралдаанд би түрүүлсэн. Удалгүй ээлжийн амралтаа аваад, Увс руу явчихсан хойгуур манай салбарын удирдлагууд “Яг мэргэжлийн хүн хилд ажиллаж байжээ. Бид чуулгадаа ерөнхий найруулагч гэх албан тушаал гаргаж ирэх ёстой юм байна. Энэ албан тушаал мэргэжлийн бүх уран бүтээлчийг гардан зангидах ёстой” гэж ярилцаад намайг дуудсан. Цэргийн хүнд ажлын санал тавина гэж байхгүй, тушаалаар явна шүү дээ. Ингэж би энэ чуулгад ирээд 10 дахь жилдээ ажиллаж байна. Манай чуулга 130 гаруй хүнтэй, мэргэжлийн дөрвөн ангитай. Ямар боловч найрал хөгжим, оркестор, дууны, бүжгийн, зохион байгуулах гэсэн дөрвөн ангитай. Би өмнө нь Увс аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч байсан учраас энэ албанд ирэхдээ айхтар сүрдээгүй. Театр бол жүжигчинд суурилсан бүжигчин, дуучин, хөгжимчин дөрвийн нэгдэл байдаг. Харин чуулга хөгжимд суурилсан бүжигчин, дуучин гурвын нэгдэл юм. Статусын хувьд театр арай том. Гэхдээ аймгийн театрыг Монгол Улсын том чуулгатай яаж зүйрлэх вэ дээ. Түүнд ажиллаж байсан нь надад туршлага болсон. Дээрээс нь хилийн отрядад ажиллаж байсан. Надтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж  байгаа багш нар  тухайн үед миний үеийнх байсан нь ойлголцож, ажиллахад маш амар байв. Чуулгын дарга маань ч туршлагатай хүн. Монгол Улс байгаа цагт хил байна. Хил байгаа цагт хилчид байна. Хилчид байгаа цагт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга байна. Тэгэхээр бид уран бүтээлч бүрийг чадавхижуулах ёстой. Манай бүх найрал дуучид гоцлон дуулаачид. Хилийн отрядаар бригад болоод явахад бүгд чадвартай байх ёстой учраас найрал дуучдаас гоцлол дуучны чадвар шаарддаг. Нэг хилийн отрядад очоод дуу, бүтээлээ давхцуулалгүй тоглоод ирэх чадвартай байх ёстой. Үүний тулд уран бүтээлчээ чадавхижуулах маш чухал.

-Сайн уран бүтээлч авъя гэхээр цалинг нь голдог. Эсвэл эхнээс нь сургаад, дадлагажуулаад авахаар овоо туршлага суусан хойноо өндөр цалинтай ажил руу явах тохиолдол гарна биз?
-Монгол Улсын хэмжээнд байгаа бусад театр, чуулга манайх шиг жил бүр 40-45 хоног бригадаар явахгүй. Хил дээр албан үүрэг гүйцэтгэж байгаа хилчид хилийн нэмэгдэл авдаг. Тэр нэмэгдэл тэдний амьдрал ахуйд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Харин манай чуулгад хилийн нэмэгдэл байдаггүй. Тэгэхээр цалин бага. Манайд сайн уран бүтээлч тогтвортой ажиллах, ажиллахгүй гээд асуудал үе үе гарна. Нэг хэсэг манай чуулга мандан бадарч байлаа. Зах зээлийн үед татан буугдаад буцаад сэргэсэн юм. Одоо төвхнөөд, үйл ажиллагаа нь жигдрээд сайхан болж байгаа.

-Түрүүнд та цэрэг, эх орны сэдэвтэй  олон бүтээл туурвисан гэж хэллээ. Үүнээс өөр сэдвээр хувь уран бүтээлдээ хэр анхаарал хандуулав. Нэг газар удаан ажиллахаар өсөж, дэвжих нь удаашрах тал ажиглагддаг. Таны хувьд өөрийгөө хэр сонсож, хөглөдөг вэ?
-Нэг албан тушаал дээрээ удаан ажиллахаар зэврэх гээд байж магадгүй. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад энэ дүрэм арай өөр. Өнөөдөр би говьд явж байлаа гэхэд хэд хоногийн дараа хангай, тайгад явж байх жишээтэй. Орчин солигдохоор уран бүтээлч хүний эрэл хайгуул хийх ажил, уран бүтээлийн санаа нэмэгддэг. Жишээ нь, говьд ажилладаг хилчид тэс өөр. Тэнд шувуу ч байхгүй. Хэдэн зуун км газар айл, амьтан байхгүй газар хэдэн цэрэг, ахлагч, офицерууд дараагийн томилгоо иртэл амьдарч байна. Тэднийг бичихээс өөр аргагүй. Энх цагийн тэр баатруудыг алдаршуулахаас өөр аргагүй. Хөвсгөлийн тайгад хилээ манаад амьдарч байгаа ахлагч, офицер нарыг харахад “Миний эх орон ямар агуу, уудам юм бэ. Энэ хүмүүс энд ажиллаж, амьдарч байгаа нь юутай их бахархал вэ” гэж өөр нүдээр харна. Би 13 настайгаасаа хойш өдийг хүртэл 500 гаруй шүлэг, 60 орчим дууны аялгуу, 20 орчим найраглал, нэг дуурийн цомнол, кино зохиол, 10 гаруй баримтат киноны зохиол бичсэн. Миний өмнө манай чуулгад яруу найрагч П.Бадарч, Ц.Хулан зэрэг мундгууд ажиллаж байсан юм билээ. Тэр хүмүүсийн бүтээж үлдээсэн бүхнийг цааш нь залгамжлуулж явах үүрэг найруулагчийн ажлаас маань гадна утга зохиолын хүрээнд оногдсон том үүрэг гэж боддог. Одоохондоо манай чуулгад надаас өөр шүлэг, зохиол бичдэг хүн алга. Тиймээс өөртөө зорилго тавьж, хичээж байгаа. Хамгийн сүүлд Ялгуун баатар Сумъяа бээсийн аж амьдралыг харуулсан “Ялгуун баатар Сумъяа бээс суу жанжин” гэж цомнол бичсэн. Удахгүй энэ бүтээлээрээ томоохон хэмжээний дуурь тавих бодол байна. Ийм хэмжээний уран бүтээл хийснээрээ уран бүтээлч хүн жүжигчний уран чадвар, хоолойн өнгө, тайз эзэмших чадвар гээд маш их ахиж дэвждэг. Хилийн отряд дээр очоод 10 гаруй дуу дуулаад явахаас илүүтэй ийм том хэмжээний уран бүтээлд тоглох нь ахицтай. Уран бүтээлчээ төгөлдөржүүлье гэвэл томоохон хэмжээний бүтээлийг чуулгадаа тавьж байх хэрэгтэй. Энэ бол чуулгын хоёр дахь гол үүрэг. Монгол Улсын хилийг  зөвхөн хилчид хамгаалдаг гэвэл андуурал. Тэнд амьдарч байгаа малчид, хөдөлмөрчид хилээ хилчидтэйгээ хамт хамгаалж байгаа. Эрт эдүгээсээ өнөөдрийг хүртэл ингэж явж ирсэн. Тийм ч учраас би “Эх орон тайван байна” гэсэн бүтээл хийж, үг, аялгууг нь бичсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд “Цэнхэр тэнгэрийн орон” тоглолтоо хийх үеэр энэ дууг маань Монголын хилчдийн сүлд дуу болгосон.

-Цэрэг, уран бүтээлтэй холбоотой яриаг түр хойш тавиад, таны аав, ээжийн тухай асуумаар байна. 13 настайгаасаа шүлэг, яруу найраг бичиж эхэлсэн гэдгээ та хэдэнтээ ярилаа. Энэ аав, ээжээс тань улбаатай юу?
-Миний аав жинчин хүн байсан. Увс аймгаас Хөвсгөлийн Ханх, Хатгал хүртэл тэмээгээр жин тээдэг хүн байлаа. Тэмээгээр жин тээхэд энэ газар маш урт аян зам. Зун, намрын зургаан сар аав жин тээнэ. Намайг зургаан настай байхад аав жингээс буцаж ирж байгаад, бие нь муудаж, тал цус харваад, 12 настайд тэнгэр болсон. Эцэггүй өссөн хүүхдийн сэтгэл энэлэнгүй, эмтрэнгүй байдаг. Хөвгүүд л болсон хойно найзуудтайгаа зодоон цохион хийж дэггүйтэхэд аав нь ирээд хүүхдээ аваад явна. Аавгүй хоцорч байгаа тэр хүүхдийн сэтгэл ямар байх вэ. Нэг л том хоосон орон зай. Тэр хоосон зайгаа нөхөх гэж шүлэг бичиж эхэлсэн. Би эхээс зургуулаа, айлын отгон хүүхэд. Миний ижий намайг алган дээрээ бөмбөрүүлж, хагас өнчин сэтгэлзүйг төрүүлэхгүйгээр өсгөж, эрхлүүлсэн дээ. Тийм болоод ч тэр үү амьдралыг зөөлөн нүдээр харж явдаг юм. Ижий маань өнгөрсөн намар 80 нас хүрээд тэнгэр боллоо. Хүн ээж, аавынхаа ачыг хариулна гэдэг юу л бол. Ижийнхээ ачыг хариулна гэдэг сэтгэлд нь  бүтэн, амар амгалан орших л юм билээ гэх бодролыг би одоогоос зургаан жилийн өмнө нутагтаа очиж, ижийнхээ дэргэд хонохдоо мэдэрсэн.

-Тэр мэдрэмжээ хуваалцахгүй юу. Хилийн цэрэгтэй амьдралаа холбоход ижий тань юу гэж хэлж байв. Ижий маань “Тэгж хэлсэн шүү дээ. Үүнийг нь биелүүлчих юмсан” гэх зүрхэнд уяатай явдаг бодол таньд бий юү?
-Хилийн цэрэгт ажиллахаар болоод ээж рүү утсаар ярихад “Өөрөө шийдвэр гаргасан бол түүндээ үнэнч бай. Хамгийн гол нь 10 хоночихоод ээж би буцлаа гэж болохгүй. Чи сургууль соёлд явж байгаа хүн биш. Монгол Улсын хил дээр үлдэх гэж байна. Чи цэргийн хариуцлагатай албанд очиж байгаа юм байна. Тэгээд чадна гэвэл үлд” гэсэн. Энэ ярианы цаанаас ээж намайг “Өөрийгөө чагна, сонс” гэсэн юм байна лээ. Санаанаас гардаггүй нэг зүйл бий. Ажил гэсээр 2-3 жил ээж дээрээ очиж чадахгүй байж байгаад, нэг удаа очлоо. Тэгэхэд ээж жижиг гэртээ, ганцаараа амьдардаг. Нэг шөнө нойр хулжаад, ээжийнхээ унтаж байгаа ор руу хартал “Нэг их сайхан бүсгүй” унтаж байна. Тэгээд босоод “Ижийгээ унтаж байхад” гэж шүлэг бичсэн. Яагаад гэхээр, эх хүн хүсэн хүлээсэн үр хүүхэд нь дэргэд нь ирчихээр сэтгэл нь амирлаж, амар амгалан болж, тайвширч бүтэн нойртой хонодог юм байна. Миний ээж сэтгэл амарсан учраас надад тэгж харагдсан байх. Ээжийгээ би олон сайхан дуунд мөнхөлж, мэндчилгээ дэвшүүлсэн. Хүү чинь сайн, сайхан явна гэж олон удаа харуулж, аавынхаа нэрийг бүтэн авч яваа гэж үйлдлээрээ үзүүлсээр ээжийнхээ сэтгэлийг бүтэн байлгасаар бурхны оронд явуулсан шүү гэж өөрийгөө тайтгаруулдаг.

-Ээжийнхээ сэтгэлийг бүтэн байлгаад буцаасан гэж байна. “Цэнхэр тэнгэрийн орон” тоглолтоо хийж байхдаа та “Аав, ээж хоёр минь байгаад миний тоглолтыг үзсэн ч болоосой” гэж бодсон биз дээ. Сайн сайхан яваагаа аав, ээждээ харуулмаар, бас гайхуулж, эрхэлмээр санагддаг нь хүмүүний зан юм шиг?
-Би арваннэгдүгээр сарын 26-нд улс тунхагласны баяраар төрсөн. Тэгээд Увс аймгийн Хөгжимт драмын театрт найруулагчаар ажиллаж байхдаа хоёр жил дараалан энэ өдөр ээждээ зориулж тоглолт хийж байлаа. Ээжийгээ тайзан дээр суулгаж байгаад, тоглолт хийхэд тоймгүй их баярласан даа, миний муу ээж. Сүүлд бяртайхан шиг тоглолт хийгээд ээждээ үзүүлнэ дээ гэж бодсоор явтал бурхан болсон. Тэгээд “Цэнхэр тэнгэрийн орон” тоглолтоо ээжийнхээ дурсгалд зориулж, уран бүтээлийн сүү болгож өргөсөн юм. Арванхоёрдугаар сарын 1-нд би тоглолтоо хийж, 4-нд нь миний ах Увс аймгийн Хөгжимт драмын театрын дуучин У.Баатар “Мөнхийн шүтээн ижийдээ” гэх тоглолтоо толилуулсан.

-Та аав шигээ аав байж чадаж байна уу?
-Би гурван хүү, хоёр охинтой. Ямар ч хүн аавынхаа бодлыг гүйцэхгүй биз. Өнөөдөр миний амьдарч байгаа цаг хугацаа аавын минь тэмээн жингийн нэг удаа л нутаг яваад буцсан хэмжээтэй дүйцэх байх. Гэхдээ би үүсгэл нь болчихсон үр хүүхдүүддээ бахархал нь байх юмсан, харахад нүд дүүрэн, хэлэхэд аманд нь бүтэн байхсан гэж хичээдэг. Аав гэдэг нэрэндээ багтчих юмсан гэж зүтгэж явна. Одоо энэ асуултад хариулахад арай л эртэднэ.

-Ганцаардсан үед нутгийн уул, ус хүнд их хань болдог юм шиг санагддаг. Та 13 настайгаасаа шүлэг бичсэн гэхээр унасан газар, угаасан усны талаар асуумаар байна?
-Энэ үнэн. Би “Цаст Хархираа минь” гэж шүлэг бичсэн. Үүнийг зориуд уншиж өгмөөр байна. Та ярилцлагад маань оруулаарай.
Шүлгийн мэдрэмж эхэлсэн цагаасаа
Шүтээнээ болгож, онгодоо хайдаг байсан
Сүрлэг их орой нь үүлс нэвтлэм тэнгэр шүргэх
Сүүн зулайтай Хархираа уулсаа би ширтэж сууна
Дэлхийд данстай Дэглий Цагааныг халхлан орших
Дээдэс сүрийг нь хараад өвдөг бохирох
Эзгүйрсэн сэтгэлийн зайгаа танаар дүүргээд
Эргэцүүлэггүй тоглож өссөн бага насаа би дурслаа
Шаргалтан орших эх бэлээс өндөр авч
Самар эрсэн хэрэм ч төөрч будлим харгайгаар гоёмсоглосон
Амьдралын саад мэт ноён шовхуудаар дүрээ хурцалсан
Аавын суудалтай Хайрхан тандаа бодлын сэржим би өргөмү
Ханаа шийрлэн тулаад халуун бүлээрээ өег амьдрах лугаа
Хархираан сүрлэг уулс нутгийг минь тойрон сүндэрлэдэг юм
Халдат дайсан санаархавч зулайдаа хүрэхгүй халтирах
Хаан омогтой өвгөдийн минь мөнгөн сэвлэг шиг
Мөнх цас нь цайвалздаг юм аа
Цэцгийн үнэртэй улиралд
Ижий минь бэлд хөл нүцгэн тоглож өссөн болохоор
Цэнтэй найрын улиралд аавыгаа би үүрд шингээчихсэн болохоор
Намар намартаа ирж би гунигаа асган уйлж суумаар санагддаг
Насаараа шүтэх цаст Хархираа уул минь гэж шүлэг бичиж байсан. Энэ сүрлэг хайрхан яах аргагүй миний бодол хуваалцсан, аавыг минь орлосон шүтээн хайрхан. Миний “Цэнхэр тэнгэрийн орон” шүлэгт
Аргалын утаа уугиж л байдаг тэнд гэр минь бий
Алтайн уулс нь дүнхийж л байдаг тэнд бодол минь  гэдэг. Бүр багаасаа би өөрийнхөө бодлыг өндөр уулын оройтой ярьж, хуваалцдаг байжээ. Цаст сүрлэг уулын дэргэд төрчихөөд, хамгийн том нууранд шумбаж өсчихөөд би өнөөдөр жижиг сэтгэж, бодож, бичиж, амьдарч, бэрхшээлд бүдрэх эрх байхгүй. Тийм газар өсөж торничихоод би горхи, толгодын дайтай амьдарч болохгүй шүү дээ.

-“Цэнхэр тэнгэрийн орон” дуу бүтэх ч таны саяын ярьсантай салшгүй холбоотой байх. Энэ шүлгээс ганц Увс нутгийн тухай биш Монголын ард түмний, эх орны тухай сэдэв, агуулга харагдаад байдаг л даа?
-Маш гоё хэллээ. Энэ эх орны тухай дуу юм. Хүн унасан газар, угаасан ус, эх орон, эх дэлхийгээ хайрладаг. Баруун аймгийн нутгаар яваад нутгийнхаа захаар ороход Үүрэг нүүр, Цагаан шувуут цэнхэртээд тосдог. Тэнд яах аргагүй цэнхэр тэнгэрийн орон гэж дуу алдмаар болдог. Хүн гадагшаа яваад нисэх дээр буучихаад “Энэ миний цэнхэр тэнгэрийн орон” гэж өөрийн эрхгүй боддог юм билээ. Тэгтэл сансарын нисгэгч Ж.Гүррагчаа баатар сансарын уудмаас дэлхийг хараад “Цэнхэр гарагаа хайрлаарай, хамгаалаарай” гэж хэлсэн. Яах аргагүй, манай дэлхий цэнхэр учраас үүний нэг хэсэг нь миний нутаг. Унасан газар дээрээ суурилж л төрсөн бүтээл. Хоёрдугаарт, ая зохиогч н.Пүрэвсүрэн бид хоёр бие биеэ их хурцалсан. “Чи бид хоёр нутгийн тухай юу хийсэн юм” гэдэг байв. Нэг уулзаад сууж байгаад “Алив цаас аваад ир” гээд таван минутанд “Цэнхэр тэнгэрийн орон” дууны үгээ бичсэн. Тэр дор нь Пүүжээ маань аялгуу хийж, энэ дуу ердөө 10 минутад бүтсэн. Дөрвөн бадаг дахилттай дууг тэр чигт нь дуулахаар дууны стандартаас гажаад байсан. Дүрсжүүлэх үеэр нэг бадгийг нь хасах гэхээр хайран санагдаад дуун дундуур би уншчихсан юм. Энэ нь ч чимэг болсн болов уу гэж боддог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн