
Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өчигдөр боллоо. Хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, ажлын хэсэгт үүрэг чиглэл өгөв. Тэрбээр “Танилцуулгаас харахад 2022 оны урсгал засвар, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд зарцуулсан нийт 12 их наяд төгрөгийн 7.3 их наяд төгрөгийн өртөг бүхий тендерийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн байна. Цаашид оновчтой зохицуулалт хийж, энэ үзүүлэлтийг өсгөх хэрэгтэй. Төр өөрөө хамгийн том ажил олгогч хэрнээ хамгийн том бизнес эрхлэгч байж таарахгүй. Өнөөдрийн танилцуулсан ажил, үйлчилгээний жагсаалтуудыг бодит байдалд нийцүүлэн зөв үнэлэх, эрэмбэлэх нь чухал. Тиймээс Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, ирэх сарын 26 гэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээний жагсаалтыг эцэслэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.