
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанд ширүүхэн хэлэлцүүлэг өрнөх нь ээ.
Учир нь, нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой маргаан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд өрнөөд буй.
Төсөлтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг өнгөрөгч баасан гарагт Төсвийн байнгын хороонд оруулсан ч Байнгын хорооны даргын дэмжлэгийг авч чадалгүй унажээ.
Үүний дараа МАН-ын зарим гишүүн LRT төслийг дэмжихгүй бол УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хөндсөн LRT хөнгөн галт тэргийн асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал хураах үеэр унагаав. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ахалдаг Төсвийн байнгын хороо Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийн төлөө LRT хөнгөн галт тэргийг чуулганаар заавал оруулж ирэх ёстой. Үгүй бол Түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Төсвийн тодотголыг дэмжихгүй” гэсэн байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцох юм.