
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюутолгой ХХК дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам долларыг оруулж ирнэ. Үүний 50 хувийг Монголбанканд тушааж, үлдсэнийг үнэ хаялцуулах зарчмаар арилжааны банкуудад нийлүүлдэг байсан бол одоо 100 хувь Монголбанканд тушааж, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байна. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК 300 сая ам долларын гэрээ хийж байгаа. Үүнийгээ Монголбанканд тушааж зузаатгал хийх хэрэгтэй. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-т 50.000 гаруй тонн буюу 100 сая ам долларын баяжмал бэлэн байна. Үүнийг яаралтай борлуулах арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Нийтдээ хоёр тэрбум ам доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байна” гээд энэ асуудалд Засгийн газар, Монголбанк холбогдох байгууллагууд шуурхай ажиллахыг анхаарууллаа.