
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим асуудлаар мэдээлэл сонсож, танилцуулга хийжээ. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Төрийн 100 хувийн өмчит банк. 2011 онд өөрийн гэсэн бие даасан хуультайгаар байгуулагдаж байсан. 2017 онд хуульд өөрчлөлт орж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой гэж заасан. Өнөөдөр өгсөн мэдээллээр 3.1 их наядын зээлийн багцтай, үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээл болох эрсдэлтэй байгаа юм. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Нийт 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Тухайлбал, АТГ-т 10 зээлдэгчийн асуудал шалгагдаж байна. Энэ мэт тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банк танилцуулга хийхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаад асуудал шийдэгдэхэд маш их хугацаа алдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөн. Хамгийн ихдээ нийт 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа. Мөн шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгаа асуудал байна. Мөн чанаргүй зээлтэй холбоотоогоор шат дараатай авсан арга хэмжээ эхнээсээ үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхөд анхаарч байна. 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Энэ асуудлыг цаашид шалгуулна. Хөгжлийн банк огт хяналт, шалгалт байдаггүй, ямар ч зохицуулалтгүй байгууллага биш. Монголбанкнаас хяналт шалгалт явуулдаг. Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын сүүлээр 52 зээлдэгчийн мэдээллийг АТГ-д шалгуулахаар шилжүүлсэн. Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай экспортыг дэмжсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй институц. Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжинэ. Чанаргүй зээлийн асуудал сөхөгдөхөөр энэ банкийг дампууруулах гэж байна хэмээн олон нийт харддаг. Цаашдаа Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагааг өргөжүүлнэ. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа хариуцлагагүй, албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгчдэд хуулийн байгууллагатай хамтарч хариуцлага тооцно. Хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд онцолж тэмдэглэсэн” гэлээ.