
Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар Боомтын зөвлөлөөс ээлжит мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар нийт 767 чингэлгийг оруулж ирээд байгаа юм байна.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Замын-Үүд суманд ажиллаж байгаа төрийн бүх шатны байгууллага, тээвэр зохион байгуулалтад оролцож байгаа хүмүүс зэрэг олон талын оролцоотойгоор өнөөдрийг хүртэл Замын-Үүдийн чингэлгийн тээвэр амжилттай, саадгүй явж байна. Цаашид тээвэр зуучийн үнэ өртгийг шийдэх зорилгоор хоёр талдаа нээлттэй платформ байгуулах талаар БНХАУ-ын талтай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл, нээлттэй платформд бүртгэгдсэн карго, ачаа тээврийн зуучлагчид цаашдаа ажиллах юм. Ингэснээр үнэ өртөг хаана өсөөд, буураад байгаа нь ил тод болно.
Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг ачааг улсын хилээр оруулж ирсэн байна. Орж ирж байгаа бараа материалын 60 орчим хувийг барилгын материал бүрдүүлж байна” гэлээ.