НийгэмОнцлох

О.Батбаяр: Гуравдугаар тун омикроноос өндөр хувьтай хамгаалж байна

Омикрон хувилбарын талаар олон улсад хийгдэж буй судалгааны үр дүнг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Mонгол Улсын хилээр 95 нислэгээр 9723 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчоос одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. Энэ тохиолдлуудад үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар омикрон хувилбар бүртгэгдээгүй. Мөн олон улсын энхийг сахиулагчдын нэг удаагийн нислэгээр 244 цэргийн албан хаагч ирсэн. Тэднийг Багабаян амралтын газар тусгаарлаж байна. Удахгүй эхнээсээ тусгаарлалтаас гарна. Энэ хүмүүсээс омикрон хувилбар илрээгүй. 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд Тайландаас ирсэн нислэгээр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн буюу эхний шинжилгээгээр дөрөв, дараагийн шинжилгээгээр 10 хүнээс халдвар илэрсэн юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Энэ хувилбарыг маш богино хугацаанд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын судлаачид нээж, олон төрлийн судалгааг богино хугацаанд хийж байна. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад тохиолдлын тоо буурч эхэлсэн. Мөн омикрон хувилбарын давлагаа дэгдсэн Их Британи улсад тохиолдлын тоо буурч эхэллээ. ӨАБНУ-д 2021 оны сүүлээр өрнөсөн давлагаа хүндрэл, нас баралт, хохирол багатай байсан. Тус улсад хийгдэж буй судалгаа дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татаж байна. Судалгаагаар өмнө нь халдвар аваад эдгэрсэн, вакцинд хамрагдсан хүмүүст Т, В эсийн дархлаа өндөр тогтсон учраас омикрон хувилбарын үед илүү хамгаалагдаж байсан нь нотлогджээ. Тийм учраас иргэдээ гуравдугаар тунд эрчимтэй хамрагдахыг уриалж байна. Омикрон хувилбарын халдварлах чадвар маш өндөр. Түүнчлэн эсэд нэвтрэх чадвар нь нэмэгдсэн. Гэсэн хэдий ч өвчлөөд эдгэрсэн, гуравдугаар тунд хамрагдсан хүмүүст үүссэн дархлаа хүндрэл нас баралтаас сэргийлж байгаа юм. Мөн Их британи улсад хийсэн судалгаагаар омикрон давлагааны үед хүндрэл, нас баралт бага байх нь мөн нотлогдсон. Үүн дээр үндэслээд оны сүүлээс хэрэгжүүлэх гэж байсан хорио цээрийн дэглэмээ хэрэгжүүлэхгүй байхаар шийджээ.

Израиль улсад хийгдсэн судалгаагаар бүүстер тунгаас гурван сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байна гэж гарчээ. Иймээс тус улс 60-аас дээш насныхан болон эрүүл мэндийн салбарын ажилчдаа дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн. Манай улсын хувьд хил дээрх хяналтыг эрчимтэй хийж байна. Ингэснээр омикроны давлаагаанаас сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Түүнчдэн иргэдийг онцын шаардлагагүй бол гадагшаа зорчихгүй байхыг уриалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн