
Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. Тэрбээр “Дэлхий даяар омикрон хувилбарын тархалт 90 гаруй улсад тархсан. Омикрон хувилбар тархахаас сэргийлж, Монгол Улсад нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоног тусгаарлан хяналт тавьж байсныг мэднэ.
Өнөөдрийн хуралдаанаар, ЭМЯ, ХӨСҮТ-өөс гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах санал гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчлан зохион байгуулахыг УОК-т даалгалаа. Өөрөөр хэлбэл, гаднын 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол одоо гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг Ерөнхий сайд дэмжлээ” гэсэн юм.