
Коронавирусын омикрон хувилбарын хоёр тохиолдол Монголд батлагдсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсад омикрон хувилбарын хоёр тохиолдол батлагдсан. Эдгээр нь зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд өчигдөр баталгаажсан. Давтан шинжилгээ хийж, хувилбарын нарийвчлан тодорхойлно гэж хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.
Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Батбаяраас тодруулахад тэрээр: “Өчигдөр 241 Энхийг сахиулагчаас Ковид19 илрүүлэх PCR шинжилгээ авсан. Улмаар 120 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ тэдний дундаас омикрон хувилбар илрээгүй. Одоогоор манай улсад Ковид-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдээгүй байна. Хоёр тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл худлаа. Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдыг тусгаарлах байранд байрлуулсан” гэлээ.
Харин ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Одоогоор манай улсад Ковид-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдээгүй” гэж мэдэгдэв.