
Засгийн газар ээлжит хуралдаандаа аймаг, нийслэлийн удирдлагуудыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй сайд, дарга нарт хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
Тэрээр “Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Иргэний нисэх дээр юу болсныг та нар сонссон л байх. “Эрдэнэс Монгол” дээр юж болж байгааг ч сонссон байх. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 87 хүний хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэн шүү. Нэр усыг нь сүртэй зарлахгүй л яваад байгаа болохоос ийм зүйлс болж байгаа. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн шүү. Үг хэлээд мартчихдаггүй. Миний өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж чадахгүй бол сайд нараа ч өөрчилнө гэдгээ хэлж байгаа. Эрх барьж байгаа намын даргын хувьд УИХ дээр ч асуудлыг ярина” гэлээ.