
Энэ намар европын улс орнуудаар аялахаар төлөвлөж буй хүмүүст сайн мэдээ дуулгахад: Коронавирусын вакцин, шинжилгээнд хамрагдсан болон эдгэрсэн хүмүүс ямар ч асуудалгүй аялах боломж бүрджээ. Жуулчдын хамгийн ихээр зорьдог европын орнуудад зорчиход дараах зүйлсийг анхаарахад л хангалттай.
Европын орнууд жуулчдад үүд хаалгаа дахин нээжээ. Мэдээж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан тохиолдолд шүү дээ. Дэлхийн зарим улс орнууд коронавируст цар тахлын дэгдэлт буурсантай холбогдуулж хилээ нээж байхад зарим нь дельта хувилбарын тархалтаас болж дэглэмээ улам чангатгаж байгаа билээ. Аливаа улс орны нөхцөл байдал нэг шөнийн дотор өөрчлөгддөг хэвээр байгаа бөгөөд энэ нь жуулчид, тур операторууд, зочид буудал, рестораны ажилтнуудаас уян хатан ажиллагааг шаарддаг.
Хилийн чанадаас ирэх жуулчид, ялангуяа Израиль, Австрали, Шинэ Зеландын жуулчид Европ руу дахин аялах боломж бүрджээ.
ЕХ-ны гишүүн бус ихэнх орнуудаас титэм вирусын эсрэг вакцинаас бүрэн хамгаалагдсан хүмүүсийн хилээр нэвтрэх хатуу хязгаарлалтыг цуцаллаа. Ингэснээр айлчлал хийх, аялж жуулчлахад ямар ч хязгаарлалтгүй болов.
Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЕХ-ноос АНУ, Израйль зэрэг орнуудаас гадна Хойд Македон, Монтенегро, Ливан зэрэг улс орнуудаас Европын Холбоонд нэвтрэх иргэдэд хатуу дэглэм тогтоохыг зөвлөмж болгож байгаа. Гэсэн хэдий ч эдгээр орноос ирэх жуулчдын хувьд Герман руу нэвтрэхэд бараг юу ч өөрчлөгдөөгүй. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хэсэг хугацаанд тэднийг өндөр эрсдэлтэй бүсэд хамруулж байсан. Вакцин хийлгээгүй эсвэл халдвар авч эдгэрээгүй аялагчид хорио цээрийн дэглэмд орох ёстой боловч сөрөг хариу гарсан тохиолдолд арав хоногийн хорио цээрийн дэглэмийг тав хоног хүртэл богиносгож болно.
Сүүлийн арав хоногт өндөр эрсдэлтэй буюу вирусын хувилбарын тархалттай бүсэд байсан аялагчид ХБНГУ-д ирэхээсээ өмнө www.einreiseanmeldung.de сайтад бүртгүүлсэн байх ёстой.
Германд аялагчид юуг анхаарах вэ?
Германд нэвтрэхийн тулд шинжилгээ сөрөг гарсан, вакцин хийлгэсэн эсвэл COVID-19-ээс эдгэрсэнээ нотлох шаардлагатай. ЕХ-ны вакцинжуулалтын гэрчилгээ нь 7-р сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь Германд нэвтрэх, Европт аялах нөхцлийг хялбаршуулсан юм.
Эрүүл ахуйн дэглэм сахих, хамгийн багадаа 1.5 метр зай барих, битүү орчинд болон олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалт зүүх зэрэг урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг Герман даяар хэрэгжүүлсээр байна.
Түр орогнох байранд хоноглох хүмүүс вакцинд хамрагдсан, өвчлөөд эдгэрсэн эсвэл шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Энэ нь ПСР-ын шинжилгээ эсвэл түргэвчилсэн шинжилгээ байхаас үл хамааран – 24 цагаас илүүгүй хугацаатай байх ёстой бөгөөд хоёр хоног тутамд давтан хийх ёстой. Өөрөө өөртөө хийх түргэвчилсэн тестийг зөвхөн тухайн газар дээр нь оператор эсвэл эрх бүхий этгээдийн хяналтан дор хийсэн тохиолдолд л хүчинтэйд тооцно.
Холбооны муж улс бүр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөрийн дүрэм журмыг тогтоож болно. Холбооны чадамжийн төв тухайн муж улсын одоогийн зохицуулалтын талаар мэдээлэл өгдөг.
Европын ихэнх орнууд хилээр нэвтрүүлэх журмаа хялбаршуулсан. Ерөнхийдөө коронавирусын халдваргүйг нотлох сөрөг тесттэй байх, COVID-19-ээс эдгэрснээ эсвэл ЕХ-нд хүлээн зөвшөөрөгдсөн вакцинжуулалтад хамрагдсанаа нотлоход л хангалттай. Зарим улс орнууд эдгээр шаардлагыг ч тавьдаггүй, яг л титэм вирусын цар тахлын өмнөх үеийнх шигээр аялагчдыг чөлөөтэй нэвтрүүлдэг.
ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламентаас баталсан коронавирусын вакцины үнэмлэх нь долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд үүнд вакцины мэдээллээс гадна шинжилгээнд хамрагдсан байдал, халдвар аваад эдгэрсэн талаарх мэдээлэл агуулагддаг байна.
Европоор аялагчдад болзошгүй хязгаарлалтын талаар илүү сайн ойлголт өгөхийн тулд ЕХ-ны орнуудыг ногоон, улбар шар, улаан бүсэд хуваасан. Хангалттай дата байхгүй бүс нутгуудыг саарал өнгөөр тэмдэглэсэн.
ЕХ-ны комиссын “Re-open EU” аппликейшн аялагчдад нэмэлт дэмжлэг болдог. Энэ нь ЕХ-ны бүх улс орнууд болон хилийн хяналтгүй Шенгений бүсийн гишүүн орнууд, Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар зэрэг орнуудын эрүүл мэндийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эсвэл аялал жуулчлалын хязгаарлалтын талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангадаг.
Жуулчдын хамгийн ихээр зорчдог зарим улс орны хорио цээрийн дэглэмийг танилцуулья (цагаан толгойн үсгийн дарааллаар)
Дани
Дани улс одоогоор коронагийн онцгой дэглэмийг бүрэн цуцалсан. Тус улсад вакцинжуулалтын түвшин 77 хүрэхгүй хувьтай (10-р сарын 25-ны байдлаар) байгаа бөгөөд долоо хоногийн өвчлөл 139.4 байна.
Тус улс 2021.10.25-ны өдрөөс коронавирустай холбоотой хилийн хяналтаа зогсоосон. Аялагчдын хувьд энэ нь хилийн боомт дээр вакцины гэрчилгээ үзүүлэх шаардлагагүй гэсэн үг юм. Вакцин хийлгээгүй, эсвэл өвчилж байгаагүй аялагч хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор шинжилгээ өгөх шаардлагагүй. Энэ нь өдрийн аялагчид ямар ч шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн үг юм. Дани улсад хүн бүр чөлөөтэй зорчиж болно. Хил дээр түүврийн аргаар шалгалт хийх магадлалтай тул паспорт эсвэл иргэний үнэмлэхээ биедээ авч явах хэрэгтэй. Дани улс хилийн бүсдээ 2022 оны 5-р сарын 11 хүртэл хатуу хяналт тавихаар шийдвэрлэсэн нь терроризмын аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Есдүгээр сарын 1-нээс эхлэн даничууд ресторан, спортын төв, үсчинд ороход вакцины гэрчилгээ шаардахаа зогсоосон ба 9-р сарын 10-наас эхлэн шөнийн цэнгээний газар, томоохон арга хэмжээнд зочлохдоо “Корона паспорт” үзүүлэх шаардлагагүй болсон. Мөн маск зүүх үүрэг цуцлагдсан.
Франц
Германы өнцгөөс бол эх газрын ямар ч бүс нутаг одоогоор өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддоггүй. Харин далайн чанад дахь Гваделупа, Мартиник, Гэгээн Бартелеми, Сент Мартин, Францын Гвиана, Францын Полинез, Шинэ Каледони зэрэг хилийн чанад дахь бүс нутгууд харин өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдсон хэвээр байна.
Франц улс өнгөрөгч зунаас дэгдсэн дельта хувилбарын тархалтыг хумих зорилгоор хөл хорионы дэглэмээ чангатгасан. Зөвхөн вакцины гэрчилгээтэй хүмүүс л соёлын дурсгалт газруудад нэвтрэх боломжтой. Мөн холын аялалын галт тэрэг, вагон, ресторан, кафе, худалдааны төвүүдэд зөвхөн вакцинжуулалтын гэрчилгээтэй эсвэл 48 цагаас илүүгүй хугацаатай ПСР буюу түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд л нэвтрэх боломжтой. Үүнээс гадна “pas sanitair”-ийг биедээ авч явахыг шаарддаг. Энэ нь COVID-19-ийн эсрэг бүрэн вакцин хийлгэсэн, халдвараас эдгэрсэн эсвэл сөрөг гарсан шинжилгээний мэдээллийг агуулдаг. ЕХ-ны шаардлагын дагуу уг гэрчилгээ нь дижитал хэлбэртэй, Германы апп-уудад уншигддаг (CovPass эсвэл Corona-Warn-App) эсвэл цаасан хэлбэртэй байж болно. Бүрэн вакцин хийлгээгүй жуулчдын хувьд Францад хийх аялал үнэтэй тусах болно: халдварын шинжилгээнүүд нь үнэ төлбөргүй байхаа больсон.
Европын бусад орноос Франц руу нэвтэрч буй хэн бүхэн шинж тэмдэггүй гэсэн мэдүүлэг өгч, 72 цагаас илүүгүй PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх ёстой. Вакцин хийлгэсэн гэрчилгээ эсвэл зургаан сараас дээшгүй хугацааны өмнө өвчилж эдгэсэнийг нотлох баримтыг мөн хүлээн зөвшөөрнө. Францын Гадаад хэргийн яам холбогдох арга хэмжээ, хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.
Музей, театр, кино театр, үзэсгэлэнт газрууд эрүүл ахуйн дэглэмийг чанд баримталж, хүн хоорондын зай барих нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Арван нэг ба түүнээс дээш насны хүмүүс нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, дэлгүүр гэх мэт олон нийтийн газар, хаалттай орчинд амны хаалт зүүх үүрэгтэй. Ил задгай талбайд маск хэрэглэх шаардлагыг цуцалсан. Олон хүн бөөгнөрсөн, очер дараалал ихтэй газар, захуудад амны хаалт зүүх журам хэвээр мөрдөгддөг. Шөнийн хөл хорио цуцлагдсан.
Грек
Грек рүү далай, агаар, хуурай замаар нэвтрэх бол 12 ба түүнээс дээш насны хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид өгсөн ПСР-ын хариу сөрөг гарсан (72 цагаас илүүгүй байх ёстой) эсвэл түргэвчилсэн тест өгсөн байхыг шаардана. Гэрчилгээ дээрх бүтэн нэр нь гадаад паспорт дээрхи нэртэй тохирч байх ёстой.
Вакцинжуулалтад хамрагдсанаа нотолсон тохиолдолд шинжилгээ хийлгэхийг шаардахгүй. Үүний тулд олон улсын вакцинжуулалтын карт эсвэл ЕХ-ны дижитал COVID гэрчилгээг (жишээ нь, CovPass програм эсвэл Коронагийн сэрэмжлүүлэг аппликейшн дээр) үзүүлэхэд хангалттай.
Грек улс дотооддоо баримтлах коронагийн халдвараас сэргийлэх дүрэм журмаа дахин чангатгасан. Бүхий л нийтийн хоолны газруудад 2-G дүрэм үйлчилдэг бөгөөд зөвхөн вакцинд хамрагдсан эсвэл эдгэрсэн хүмүүс баар, кафе, ресторанаар үйлчлүүлэхийг зөвшөөрдөг. Сөрөг тест хангалттай биш. Энэ нь нийтийг хамарсан арга хэмжээ, спортын арга хэмжээнд ч хамаатай. Усан онгоц, галт тэрэг, нисэх онгоц, хот хоорондын автобусаар зорчиж буй хүмүүс вакцинд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн, эсвэл сүүлийн 48 цагийн дотор шинжилгээ өгч сөрөг хариу гарсан байх ёстой.
Тус улсад аялахаар зорьж буй аялагчид аялалд гарахаасаа 48-аас доошгүй цагийн өмнө онлайн маягт бөглөсон байх ёстой. Бүртгүүлсний дараа та QR кодыг имэйлээр хүлээн авах бөгөөд нэвтрэх үедээ харуулах ёстой. Хэрэв хэн нэгэн QR кодгүй бол 500 еврогоор торгох боломжтой. Visit Greece хуудас дээр бүх чухал мэдээллийг нэгтгэн харуулсан байдаг.
Их Британи, Ирланд
Их Британи, Умард Ирланд, сувгийн бүх арлууд болон Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд нь өвчлөл ихтэй бүс нутаг юм.
Их Британид гэрлэн дохионы олон шатлалт системийг халсан бөгөөд үүний оронд зөвхөн өндөр эрсдэлтэй бүс (улаан) болон аюулгүй бүс (улаан биш) гэсэн ангилалтай.
“Улаан жагсаалт”-д орж байсан дэлхийн 54 орныг уг жагсаалтаас хасч Төв болон Өмнөд Америкийн долоон улс л үлджээ. Энэ нь ковидийн эсрэг бүрэн вакцин хийлгэсэн аялагчид хөл хорионд байх шаардлагагүй болсон гэсэн үг юм.
Аюулгүй бүсээс ирэгсэд, бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс хилээр нэвтрэх үедээ эсвэл хоёр хоногийн дараагаас ковидийн шинжилгээ өгөх үүрэгтэй. 10-р сарын 24-нөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ өгөх боломж бүрдсэн. Мөн онлайн бүртгэлийн маягт бөглөх шаардлагатай.
“Улаан” орнуудаас ирсэн аялагчдын хувьд бүх зүйл өмнөх шигээ хэвээр байна: онлайн бүртгэл, ирэхээс өмнөх тест, хоёр дахь өдөр, найм дахь өдөр өгөх тест, мөн зочид буудлын арав хоногийн хорио цээрийн хугацаа гм.
Тус улсад коронавирусын эсрэг авч байсан бараг бүх арга хэмжээ цуцлагдаж, ямар ч хязгаарлалтгүй болсон.
Шотланд, Уэльс, Умард Ирланд зэрэг бусад бүсүүд нь өөрийн гэсэн хязгаарлалтын дэглэмтэй хэдий ч Их Британийн дэглэмээс маш бага ялгаатай.
Ирланд ч гэсэн COVID-19-д нэрвэгдсэн хэвээр байна: Бордер хавийн бүс нь өндөр эрсдэлтэй. Хилээр нэвтрэхэд 72 цагаас илүүгүй хугацаатай ПСР-ын шинжилгээ шаардлагатай. Түүнээс гадна Ирландад оршин суугаа хаягаа бичсэн байршлыг тодорхойлох маягтыг бөглөсөн байх ёстой.
Ресторан, баар, гадаа хооллох газар, пабууд тодорхой нөхцөлд ажилладаг.
Итали
Жуулчдын аялах дуртай энэ оронд өдөр бүрт бүртгэгдэж буй халдварын тоо тогтвортой түвшинд хэвээр байна. Италийн аль ч бүс нутагт халдварын тоо, эмнэлгийн ачаалал санаа зовоох шалтгаан болдоггүй. Арван хоёр наснаас дээш насны хүмүүсийн бараг 80 хувь нь вакцинд хамрагдсан. Орон нутгийн оршин суугчид болон аялагчдын хувьд “Green Pass”-тай байх нь маш чухал бөгөөд үүнд Герман улсад олгосон ЕХ-ны Коронагийн вакцинжуулалтын гэрчилгээ багтдаг. Уг паспортыг баар, ресторан, музей, спортын арга хэмжээ, галт тэрэг зэрэг бараг бүх битүү орчинд явуулж буй үйл ажиллагаанд нэвтрэхэд шаарддаг.
Итали улс бүс нутгуудаа халдварын түвшингээс хамааран цагаан, шар, улаан, улбар шар бүсэд ангилдаг. Одоогийн байдлаар Сицилиас бусад бүх нутаг дэвсгэр “цагаан” бүсэд тооцогддог тул ямар ч эрсдэлгүй. Халдварын аюултай нөхцөл байдлаас шалтгаалан ангиллыг өөрчилсөн тохиолдолд Итали дахь аялал тухайн бүс нутгаас хамаарч хязгаарлагдаж болно. COVID-19-ийн үнэмлэхтэй хүмүүс аль ч бүсэд хязгаарлалтгүйгээр нэвтрэх эрхтэй.
Германаас Итали руу нэвтэсэн аялагчид хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагагүй. Харин сүүлийн 14 хоногт Их Британид байсан хүмүүс шинжилгээ өгч, тав хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамрагдаж, дараа нь дахин шинжилгээ өгөх ёстой. Бразил, Энэтхэг, Бангладеш, Шри Ланкаас жуулчлалын зорилгоор нэвтрэхийг одоогоор хориглосон байна. Бүх аяллыг мөн онлайн маягт ашиглан бүртгүүлэх ёстой.
Хүн хоорондын зай барих боломжгүй орчинд амны хаалт зүүх журам Итали даяар мөрдөгдөж байна. Битүү өрөө тасалгаанд амны хаалт заавал зүүх ёстой. Үүнээс гадна төрийн захиргааны байгууллага, дэлгүүрүүдэд орохын өмнө биеийн температур шалгах нь бий.
Нэмж дурдахад бүс нутгууд өөр өөрсдийн бие даасан дүрэм, хязгаарлалт гаргаж болно.
Эх сурвалж: www.dw.com