
Даваа гарагт АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос цар тахлын үед галт зэвсэг ашигласан хүн амины хэргийн гаралт улам бүр нэмэгдэж байгааг онцолжээ. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр хүн амины гэмт хэргийн гаралт өмнөх жилийн мөн үеэс 29.4 хувиар өссөн нь үндэсний хэмжээнд 1960-аад оноос хойш нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт гэжээ. Одоогийн байдлаар цагдаагийн криминологийн ажилтнууд болон шинжээчид хүн амины гэмт хэргийн огцом өсөлтийн шалтгааныг цар тахлын үеийн нийгмийн өөрчлөлт, цагдаагийн үйл ажиллагаа, галт зэвсгийн худалдаа өссөн зэргийг холбон судалж байна.
Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны галт зэвсэгтэй холбоотой хүн амны хэрэг 2019 онд хүн амины хэргийн 73 хувь, 2020 онд 76 хувь болж өссөн. Хьюстонд хамгийн өндөр буюу 55 хувиар өсөж, 2019 онд 221 байсан бол 2020 онд 343 болж нэмэгдсэн байна. Гэхдээ ерөнхий байдлаараа гэмт хэргийн гаралт 1990-ээд оны үеийн түүхэн дээд хэмжээнээс доогуур байгаа бөгөөд Вашингтон, Нью-Йорк, Чикагод хүн амины хэргийн гаралтын тоо 30 орчим жилийн өмнөхөөс доогуур хэвээр байна гэжээ.