
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан Монголбанк, Сангийн яам, “МИК ОССК” ХХК болон арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:
1. Орон сууцны ипотекийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх;
2. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликэшн, утас зэрэг)-ээр гарган төлбөрөө хойшлуулах боломжтой;
3. Зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд хүү тооцогдохгүй.
Эх сурвалж: http://www.mik.mn