
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульдаа чих амар бэлдэх замыг сонголоо. Сонгууль хүргэнэ гэвэл цар тахлын пян, иргэдийн эгдүүцлийг саяын Засгийн газар нь даахгүй. Явж явж намаа ч хорлоно, 100 жилийн ойгоороо намын гишүүддээ ч гологдоно. Ялалтын үндэс нь нам учраас намын даргын тамгаа өвөртөлж үлдээд Засгийн тэргүүнийхээ ажлыг өгч байгаа юм. Сайд болоод салбарынхаа улстөрийг даагаагүй мэргэжлийн сайд нар, иргэдэд ээлгүй давхар дээлтнүүд нь “Нам юм даа” гээд аргагүйн эрхэнд мушилзсаар хамт огцров. Янз нь өнгөрсөн хугацааны алдаа завхралыг тэдэндээ үүрүүлж огцруулаад “Бид хариуцлагаа үүрчихсэн” гэж хэлэхийг хүссэн биз. Улс даяараа ЖДҮчдийг эсэргүүцэж байхад ЖДҮ Засгийн тэргүүн байхдаа хөмсгөө ч хөдөлгөөгүй эр дээ. Улсаа бодсон бол тахлын үед иргэдээ орхихгүй байсан. Мань эр өөрийгөө л бодчихлоо. Харин хэн сумлав.
Сумласан хүнийг нь бараг Ерөнхийлөгч чуулган дээрээс хэлчихлээ дээ. “Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэж хэлсэн.
Сү.Батболдын тэргүүлдэг МГИМО фракц МАН-д хөрөнгөөрөө хүчтэй нөлөөтэй. Миеэг унагаахдаа У.Хүрэлсүх МГИМО-гийн тусыг авч байсан. Хариуг нь ч сайдын суудлаар барьсан. Хотын фракцийнхныг өнгөрсөн зуны сонгуульд ч оролцуулаагүй Зүүний хүчнийнхэнд тулж түших нь Сү-гийнхэн л байна.
Харин Сү.Батболд зөрүүд бас түүний бүлэглэл юу хүссэн байх вэ. Бараг 4 жилийн өмнөөс дөө, Панамын баримт бичгүүдийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид дэлгэхэд дотор нь мань Сү.Батболдын Бату майнинг тэргүүтэй компанийн сүлжээний задаргаа тууж явсан. Бороогийн алтнаас Оюутолгойн гэрээ хүртлээ эрх мэдэлд байсан Сү.Батболдын оффшорын мөрөөр АТГ-ынхан орно биз дээ. Тэр нь нэлээд лавширсан юм байна.
Оюутолгой ба “Сү-гийн бүлэглэл”
Хэвлэлүүд Сү.Батболдыг Нью-Йоркийн Дээд шүүхэд солонгос түншүүдтэйгээ дуудагдах үеэс нь бичиж эхэлсэн. Шүүгдэгчдийн нэг БНСУ-ын иргэн Чёон Чү Ёон нь 1995 онд Самсунг, Эрдэнэт үйлдвэр хоёрын хувь нийлүүлсэн “Эрдсам” компанийн Солонгос талыг хариуцан ажиллаж байсан. Энэ үеэс Сү.Батболдтой ойртож, улмаар 2007 онд Самсунгаас гарч, Сү.Батболдыг дагах болжээ. Тэрээр Сү.Батболдын 8 улсын 60-аад компанийн захирлаар ажиллаж, хувь эзэмшигчийн үүрэг гүйцэтгэсэн. Чёон Чү Ёоны эхнэр Хак Соён БНСУ-ын иргэн бөгөөд одоо Хонконгод амьдардаг. Тэрээр Сү.Батболдтой холбоотой 8 улс дахь 25 компанийн бичиг баримт дээр нэрээ үлдээсэн. Түүний Бостон, Хонконг, Тайланд дахь данс, үл хөдлөх хөрөнгө дор хаяж 14 сая ам.долларын үнэлгээтэй. Энэ тухай дэлгэрүүлж https://iapps.courts.state.ny.us/iscroll/SQLData.jsp?IndexNo=656507-2020&Page=151 линкээр нягталж болно.
Ерөнхийлөгчийн хэлсэн Оюу толгойтой холбоотой асуудал энд бий. С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулсны дараа Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Сү.Батболд үргэлж энэ гэрээг өмгөөлж, намын даргын хувьд улстөрийн аргаар гишүүдээ барьж байв. Үе үеийн парламент, Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх гээд чадахгүй байна. Сая л гэхэд ҮАБЗ-ийн хурлыг шуурхай зарлаж, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хуралдая гэхэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх яаруу сандруу огцорч байх жишээтэй. Арай улсаасаа давсан улстөр Оюутолгойг тойрон өрнөж байгаа юм биш биз.
Хэргийн материалд авагдсанаар бол 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсаны дараа 2010 оны наймдугаар сарын 25-26-нд Сү.Батболд Ерөнхий сайдын хувиар уурхайд Роберт Фридландын хамт очсон. Энэ үетэй давхцан Британийн Виржинийн арлууд болон Хонконг дахь Батболдын төлөөний хүмүүс болох солонгосуудын дөрвөн компани руу өөр оффшор компаниудаас шилжүүлгүүд хийгдсэн байдаг.
Мөн 2010 оны 12 сар Засгийн газар Оюутолгойн төслийн эзэмшил, менежмэнтийн асуудлаар Айвенхоу, Рио Тинто зэрэгтэй хэлэлцээ хийж эхэлсэн. Хэлэлцээг Сү.Батболд удирдсан. Энэ үеэс Айвенхоутай холбоотой хүмүүс, хуулийн этгээдүүд Сү.Батболдын төлөөний хүмүүс рүү офшор бүс болох Британийн Виржинийн арлууд дахь Bosphut Investment Limited компаниар дамжуулан шилжүүлэх болжээ. Тус компанийн эзэмшигч нь БНСУ-ын иргэн Чёон Чү Ёон байв.
2010 оны 12 сарын 8-нд Рио Тинто, Айвенхоу, Засгийн газар гурав шийдэлд хүрч төслийн шууд удирдлагыг Рио Тинтод хадгалуулав. Дэмжсэн хүмүүст мөнгө очив. 2011 оны зургадугаар сард Оюу толго төслийн эзэмшил, санхүүжилтын хэлбэрийн талаар хэлэлцээ хийсэн. Зээлийн хүү дээр Рио Тинтогийн талд таатай ашигтай шийдвэрлүүлж өгсөн Сү.Батболдын төлөөний хүмүүс рүү дахин мөнгө орсон байна.
Хамгийн ноцтой нь Сү.Батболд хууль бус орлогоо нуун дарагдуулахын тулд 10-аад улсад 100 орчим компаниар дамжуулан олон тооны үл хөдлөх хөрөнгө болон банкны дансуудыг эзэмшдэг аж. Сү.Батболдын гэр бүлийн гишүүдийн амьдарч байсан Лондон дахь хоёр үл хөдлөх хөрөнгө, Бостон дахь үл хөдлөх хөрөнгө , цаашлаад 31 сая ам доллар хүртэлх үнэ бүхий Нью-Йорк, Хонконг , Тайланд дахь үл хөдлөх хөрөнгүүдийг Чёон болон түүний хамтрагчид Сү.Батболдын нэрийн өмнөөс эзэмшиж байна. Дээрх хүмүүс Сү.Батболдын хүүгийн Италид болсон хуримд урилгаар ирж оролцсон зургууд бас хэд хэдэн байна лээ.
Дахиад цаана нь
Ойрын хугацаанд Оюутолгойг тойрсон асуудал нь хурц байгаа учраас бид “Сү.Батболдын бүлэглэл”-ээс зөвхөн дээрх ордтой холбоотой хэсгийг л Нью-Йоркийн баримтаас бичлээ. Цаана нь дээр дурдагдсан солонгосуудтай хамтран уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өчнөөн тендер, хөрөнгийг зувцуулсан баримт бий. Хачирхалтай нь дээрх үйлдэлд нь Эрдэнэтийн захирал байхдаа Ч.Ганзориг хамссан байх магадлалаар шалгагдсан байна.
Сү.Батболдын хамтран ажилладаг солонгосууд Catrison Limited, Cliveden Trading AG, Genetrade Limited, Lidex Holdings Limited зэрэг компаниудаа Британийн Виржинийн арлууд, Хонконг, Швейцар зэрэг оффшор бүсэд бүртгүүлжээ. Ингээд Эрдэнэтээс нойтон баяжмал хямдаар авч гадагшаа гаргаж байсан нь илэрч. Мөн Оюутолгойтой холбоотой зарим хөрөнгө эдгээр компанийн дансаар орж гарсан асуудал нь бий.
Цаашлаад Сү.Батболдын хөрөнгө орлогодоо мэдүүлдэггүй Glowassets Limited компани, түүний гүйлгээ, данстай холбоотой мэдээллүүд хэрэгт хавсаргагджээ.
Энэ бүгдээс харвал Сү.Батболдыг МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Манай намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох эрхэм” гэж нэрлэсэн нь, мань хүн өөрийгөө “Нам итгэл хүлээлгэвэл би дэвшинэ” гэж үнэлсэн нь бараг л улс төрийн хамгаалалтад өөрийгөө оруулсан хэрэг байх даа. Нөхрийг дэвшүүлэх эсэх нь хамаагүй, харин дэвшүүлнэ гэж нэрлэж яваад хэдэн сар боловч цагдаагийн, намын хамгаалалтад байлгах нь бүлэгт нь чухал байсан юм болов уу.